logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    "Google"-ийн Гүйцэтгэх захирал тэрбумтан болоход ойртлоо. Хиймэл оюуны тэсрэлт үүнд яаж нөлөөлөв?
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 01 14:18
    1028

    Kyle Grillot/Bloomberg

    “Пичайгийн даруу төлөв зан, талуудыг эвлэрүүлэн зохицуулах чадвар анхнаасаа л тодорч байсан”

    "Google"-ийн толгой компани "Alphabet"-ийн Гүйцэтгэх захирал Сундар Пичай өөрийн үүсгэн байгуулаагүй компанийнхаа орлогоор тэрбумтнуудын эгнээнд нэгдэх ховор тохиолын эзэн болоход тун ойрхон байна. 

    Энэтхэгийн Ченнай хотын уугуул, хоёр өрөө байрны том өрөөнийхөө шалан дээр дүүтэйгээ зэрэгцэн унтаж өссөн түүний хувьд энэ нь онцгой амжилт юм. Хүүхэд насны ихэнх үед нь түүний гэр бүл автомашингүй, гэртээ зурагт ч үгүй байсныг тэрбээр нэгэн ярилцлагынхаа үеэр дурдаж байв.

    Энэ жил 51 настай Сундар Пичай 2015 онд "Google"-ийн Гүйцэтгэх захирлаар анх томилогдож байсан. Тэр цагаас хойш "Google"-ийн хувьцааны ханш 400 гаруй хувиар өсөж, "S&P 500" болон "Nasdaq" индексийн өсөлтөөс хол давжээ. Өнгөрсөн баасан гарагт тус компани оны эхний улирлын ашиг нь шинжээчдийн таамгийг давсныг тайлагнасны дараа хувьцааны ханш нь шинэ дээд цэгтээ хүрээд буй. Компанийн үүлэн тооцооллын нэгж хиймэл оюуны технологийн нөлөөгөөр ахиц сайтай байсан нь компанийн өсөлтөд гол түлхэц болсон байна. Дашрамд дурдахад, "Google" мөн түүхэндээ анх удаа ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлээд байгаа юм.

    Хувьцаа хэлбэрээр олгодог их хэмжээний урамшуулал нь Сундар Пичайг дэлхийн хамгийн өндөр цалинтай захирлуудын нэг болгосон юм. Тэгвэл дээрх өсөлтийн ачаар түүний хөрөнгө нэг тэрбум ам.доллар руу дөхөж байгааг "Bloomberg Billionaires Index"-ээс харж болно.

    Гайхалтай зохицуулагч

    Пичайгийн даруу төлөв зан, талуудыг эвлэрүүлэн зохицуулах чадвар анхнаасаа л тодорч байсан” хэмээн түүнийг "Google"-д орсон эхний жилүүдэд хамт ажиллаж байсан Кевал Десай өгүүлж байлаа. “Пичай хамгийн нөлөө бүхий хүн байхыг хичээдэггүй байсан. Өөрийнхөөрөө л байдаг. Энэ зан нь ч түүнд аль эртнээс өөрсдийн бодолтой, үзэл бодолдоо үнэнч тууштай хүмүүсийг эвлэрүүлэн нэгтгэдэг агуу зохицуулагч болоход нь тус болсон” хэмээн одоо Сан Франциско хотод төвтэй "Shakti" венчур хөрөнгө оруулалтын компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг тэрбээр ярьжээ.

    "Google"-ийн хамтран үүсгэн байгуулагч Ларри Пэйж 2015 онд Сундар Пичайг "Google"-ийн Гүйцэтгэх захирлаар сонгож, өөрөө шинэхэн байгуулагдсан холдинг компани "Alphabet"-ийн Гүйцэтгэх захирал болж байсан юм. Харин 2019 онд Сундар Пичай "Alphabet"-ийн Гүйцэтгэх захирлаар давхар томилогджээ. Ингэснээр тухайн үед "Bloomberg"-ийн дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын эхний 10-т хоёул багтаж байсан Ларри Пэйж, Сергей Брин нар өдөр тутмын менежментийн ажлаа Сундар Пичайд хүлээлгэн өгсөн аж.

    “Alphabet компани байгуулагдсанаас хойш бидний итгэлийг түүн шиг ихээр хүлээсэн хүн өөр байгаагүй. "Google" болон "Alphabet" компанийг ирээдүй рүү хөтлөн удирдахад түүнийг гүйцэх хүн үгүй байсан” хэмээн Сергей Брин, Ларри Пэйж нар 2019 оны захидалдаа өгүүлж байжээ. Сергей Брин, Ларри Пэйж нарын хөрөнгийн хэмжээ нийлээд бараг 300 тэрбум ам.доллар хүрч буй.

    Сундар Пичай Гүйцэтгэх захирлын албыг хаших хугацаандаа “Google Assistant”, “Google Home”, ”Google Pixel”, “Google Workspace” зэргээр компанийн бүтээгдэхүүнүүдийг дорвитой нэмэгдүүлээд байгаа юм. Мөн хиймэл оюуныг “зуунд ганц тохиох боломж” хэмээн компанидаа түрүүлж нэвтрүүлсэн хүмүүсийн нэг. Хэдийгээр "Alphabet" компанийн хиймэл оюуны үйлчилгээ шүүмжлэл дагуулж, зарим хөрөнгө оруулагчид нь "OpenAI"-тай өрсөлдөж чадна гэдэгт эргэлзэж байсан ч өнгөрсөн долоо хоногт гаргасан компанийн ашгийн тайлан хиймэл оюунд хөрөнгө оруулах нь эргээд үр ашиг өгнө гэдгийг батлан харуулжээ. 

    Сундар Пичайгийн хөрөнгөд 424 сая ам.доллартай тэнцэх "Google"-ийн хувьцаа багтаж байна. Түүнчлэн Гүйцэтгэх захирал болсон цагаас нь хойших хувьцааны арилжааны орлого нь барагцаагаар 600 сая ам.доллар хүрчээ. “Пичай тэрбумтан болоход ойртсон нь түүний "Google" компанид оруулсан хувь нэмэр, үнэ цэнийг батлан харуулж байна. Мөн эн тэргүүнд хувьцаа эзэмшигчидтэй маш зөв ажилласан нь харагдаж байна” хэмээн Десай өгүүлж байлаа.

    Cэтгэгдэл бичих