logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Ижил гараанаас хөдөлсөн Киргиз улс Монголоос бараг 15 дахин их жуулчин хүлээн авч байна. Юу нөлөөлөв?
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 18 10:00
    1821

    Зургийг: Suma Hussien/Bloomberg

    Жуулчдыг татахад ч, байгалийн өвөө хадгалахад ч “эко аялал жуулчлал” Киргиз улсын амжилтын томьёо болжээ

    Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр Монголоос гурав дахин бага Киргиз улс цар тахлын өмнө буюу 2019 онд Монгол Улсаас бараг 15 дахин их тооны гадаадын жуулчид хүлээн авчээ.

    Хөгжлийн хувьд Монголтой ойролцоо гэгддэг, мөн зах зээлийн эринд нэгэн зэрэг гараанаас гарсан гэж болохоор тус улс аялал жуулчлалын салбараа хэрхэн хурдацтай хөгжүүлж чадав?

    Гэрлийн хурдаар

    Нутаг дэвсгэрийн 90 хувь нь уулархаг, “Төв Азийн Швейцар” гэгддэг Киргиз улс тусгаар тогтнолын эхний 10 жилдээ аялал жуулчлалын салбарынхаа потенциалд төдийлөн анхаараагүй байна. Харин 2003 онд тус улс визийн бодлогоо либералчилсан бөгөөд тухайн жилд ердөө 342 мянган гадаадын жуулчин хүлээн авч байсан бол ердөө зургаан жилийн дараа дээрх тоог 2.45 сая хүргэж, улмаар цар тахлын өмнөх 2019 онд 8.5 сая жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт болж байжээ.

    Харин 2023 онд 10 сая жуулчин хүлээн авах төсөөллийг тус улсын Эдийн засаг, худалдааны яамны Аялал жуулчлалын газраас өнгөрсөн оны зургаадугаар сард гаргаж байсан бөгөөд оны эхний есөн сарын статистикаас нь үзвэл 6.8 сая жуулчин тайлант хугацаанд хүлээн авсан байна.

    unnamed.jpg

    Дэлхийн худалдааны байгууллагын мэдээлснээр Киргизийн аялал жуулчлалын салбар улсынхаа дотоодын  нийт бүтээгдэхүүний ойролцоогоор таван хувийг бүрдүүлдэг бөгөөд Covid-19 цар тахал дэгдсэн 2020 онд ч 2.9 хувьтай байжээ.

    1200x-1 (1).jpg

    Тэд юуг зөв хийсэн бэ?

    Жуулчдыг татахад ч, байгалийн өвөө хадгалахад ч “эко аялал жуулчлал” тус улсын амжилтын томьёо болжээ. Барууны жуулчдын зорих гол цэг нь эко бааз, эко амралтын газрууд болж, мөн орон нутгийн малчид нь өөрсдөө гэр кэмпүүд байгуулж, “эко гэр кэмп” хэмээх брэндтэй болсон байна. 2022 онд тус улс 7.5 сая жуулчин хүлээн авснаас тэн хагас нь эко жуулчид байсныг Киргизийн Аялал жуулчлалын газрын дарга мэдээлж байв.

    Түүнчлэн 2018 онд киргизчүүд Дэлхийн нүүдэлчдийн наадмыг амжилттай зохион байгуулж, олон улсын хэвлэлүүдэд чиглэсэн PR кампанит ажлаар нүүдэлчдийн соёл, Торгоны замыг улсынхаа өвөрмөц брэнд болгосон нь жуулчдын тоо урьд байгаагүй эрчтэй өсөхөд түлхэц болжээ.

    Цаашдаа ч энэхүү “экожуулах” трэндийг үргэлжлүүлж, Иссык-куль нуурын эрэгт 300 мянган хүнтэй “Asman Eco-City” хэмээх шинэ хот байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тус хотыг түшиглэн эмчилгээ, сувиллын аялал жуулчлалын төв байгуулагдахыг Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров мэдэгдсэн юм.

    Хийх зүйл их байна

    645 мянга гаруй жуулчин хүлээн авч, салбарын орлогоо 1.3 тэрбум ам.доллар хүргэсэн түүхэн амжилттай жилийг үдээд буй Монгол Улсын аялал жуулчлалын салбарт давах ёстой саадууд олон бий. Гол асуудал болох улирлын чанартай байдлыг багасгаж, өвлийн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, ямар үйлчилгээ санал болгох тал дээр санал, санаачилгууд ч гарч буй. 2019 онд дулааны улиралд ирсэн жуулчид нийт жуулчдын 70 орчим хувийг эзэлж байсан бол өнгөрсөн онд мөн л энэ хувь хадгалагджээ.

    unnamed (1).jpg

    Түүнчлэн жуулчдын дахин ирэх сэдлийг төрүүлж, амьдралдаа ганц удаа очиж үзэх газар байлгахгүйн тулд аялал жуулчлалын гол бүсүүдэд нэгдсэн төлөвлөлт, дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлж, жуулчны баазууд, агентлагууд, амралтын газар, зочид буудлуудыг оролцоог нэмэгдүүлэхээс эхлээд хийх ажил олон байна.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих