
Зургийг: С.Батсайхан
АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар Монголын малчдад хүндээр тусаад буй зудын эсрэг хариу арга хэмжээ авах тусламжийг нэмж 2000 гаруй малчин өрхөд олгохоор боллоо. Ингэснээр АНУ-ын Засгийн газраас он гарсаар үзүүлсэн зудын эсрэг тусламжийн нийт хэмжээ гурван тэрбум төгрөг буюу 900 мянга орчим ам.доллар хүрээд байна. Энэхүү тусламжийг 2700 малчин өрхөд өвс, малын эм, мөнгөн дэмжлэг үзүүлэхэд зарцуулах аж.
Үүнээс гадна БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Шэнь Миньжюан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа Монгол Улсад үүсээд буй зудын нөхцөл байдалтай холбогдуулж БНХАУ-ын Засгийн газар 200 мянган ам.доллар, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газар 170 гаруй мянган ам.долларын эд материалын тусламжийг Монгол Улсын Засгийн газарт үзүүлж байгааг танилцуулан, батламж гардууллаа.
Хоёрдугаар сарын 29-ний байдлаар 11 аймгийн 50 суманд мөсөн буюу төмөр зудын, 17 аймгийн 135 суманд цагаан зудын, 17 аймгийн 66 сум, нийслэлийн дөрвөн дүүрэг цагаанаар зудархуу байна. Өмнөх долоо хоногт нь 13 аймгийн 58 суманд мөсөн буюу төмөр зудын, 17 аймгийн 139 суманд цагаан зудын, 18 аймгийн 69 сум, нийслэлийн хоёр дүүрэг цагаанаар зудархуу нөхцөл байдалд байсан бол мөсөн зудтай сумын тоо цөөрч, нийслэлийн хоёр дүүрэг нэмэгджээ. Одоогоор улсын хэмжээнд 2.9 сая гаруй мал хорогдоод байна.
Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах, малчдад туслах аяны хүрээнд гуравдугаар сарын нэгний өдрийн байдлаар нийт 3.7 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, эд материалын хандив, тусламжийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас Улсын онцгой комисст ирүүлээд байгаа аж.
Монгол орны хэмжээнд сүүлийн 50 гаруй жилд ороогүй их хэмжээний цас, зудын улмаас 20 аймгийн 190 суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч, малын өвс тэжээлийн нөөц дуусаж, аймаг, сум баг, малчин өрхийг холбосон зам даваа хаагдан, малчдын нөхцөл байдал хүндхэн байгаа юм. Тиймээс төмөр болон цагаан зудтай сумын малчин өрхүүдэд 1160 тонн гурил, 580 тонн цагаан будаа олгохоор Засгийн газраас шийдвэрлэсний дагуу эхний ээлжийн тусламж аймгуудад хүрчээ.
Хаваржилт хүндэрч буй аймгуудын малчдад улсын нөөцөөс гурил, цагаан будаа, элсэн чихэр, давс, цай, ургамлын тос зэрэг нэн шаардлагатай хүнсний тусламж олгохоор болоод байгаа юм. Мөн 21 аймгийн 100 суманд туулах чадвар сайтай автомашин олгож эхлээд байна.