
Зургийг: Jim R. Bounds/Bloomberg
“Зэс бол ирээдүйн металл” - Энэ бол өнгөрсөн 10 жилийн дийлэнх хугацаанд уул уурхайн салбарт бараг нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт байлаа. Дэлхийн эдийн засаг нүүрстөрөгчөөс аажмаар ангижирч, цахилгаанжихтай зэрэгцэн зэсийн нийлүүлэлтийн шинэ эх үүсвэр улам сийрэг харагдах болсноор энэхүү металлын эрэлтэд тэсрэлт тохиох нь зайлшгүйг салбарын манлайлагчид сануулах болов.
Гэтэл оронд нь нүүрс, төмрийн хүдэр зэрэг аж үйлдвэрийн итгэлт түүхий эдүүд сүүлийн жилүүдэд томоохон олборлогчдын ашгийг дээд хэмжээнд нь хүргэж, тэдгээрийн сүүдэрт зэс дарагдсан хэвээр өдий хүрсэн юм. Харин одоо нийлүүлэлтийн “шок”, эдийн засгийн сэргэлтийн эерэг хүлээлтийн нөлөөгөөр зэс анхаарлын төвд орж эхэлж байна.
Сэргэлт хаа сайгүй
Өнгөрсөн онд Панам улсын Засгийн газраас “First Quantum Minerals”-ийн нүсэр уурхайг хаах шийдвэр гаргаж, дэлхийн хэмжээнд жилийн нийт нийлүүлэлтээс 400 мянга гаруй тонн металлыг нэг дор үгүй хийсэн нь зэс олборлолтын ирээдүйтэй холбоотой санаа зовоосон асуудлуудыг нэмээд байна.
Төд удалгүй салбарын өөр нэг аварга “Anglo American” зэсийн гарцаа 200 гаруй мянган тонноор танаж байгаагаа зарлаж, хөрөнгө оруулагчдаа цочирдуулсан юм.
Эхэндээ гарцын эдгээр таналтууд зах зээлийг төдийлөн хөдөлгөөгүй нь зэсийн хэрэглээ сул байсантай холбоотой. Хэдий тийм боловч одоо зэсийн эрэлтийн хамгийн чухал хэмжүүр гэж болох үйлдвэрлэлийн хэмжээ бараг дэлхий даяар өсөж байгаа нь дээрх байдал өөрчлөгдсөнийг харуулж байна.
БНХАУ-д гуравдугаар сард үйлдвэрлэлийн салбарын Худалдан авалтын менежерийн индекс (PMI) өнгөрсөн оны есдүгээр сараас хойш анх удаа өссөн бол Энэтхэгт мөн энэ үзүүлэлт олон жил байгаагүй эрчимтэй өсөх төлөвтэйг урьдчилсан тайлангууд харуулжээ.
Энэ бүгд нь зэсийн үнэ жил гаруйн хугацааны дээд түвшинд хүрч, мөн 2024 он гарсаар ес орчим хувиар өсөхөд түлхэц боллоо.
II улиралд зэсийн нийлүүлэлтийн томоохон хомсдол бий болсноор зах зээлд үнийн “хоцрогдол” буюу спот үнэ нь фьючерс үнээсээ давж, цаашид эрэлт өндөр байхыг илтгэдэг нөхцөл байдал үүснэ гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид онцолжээ. Мөн тэд зэсийн үнэ 2025 он гэхэд 65 хувиар өснө гэсэн тус банкны төсөөллийг бататгасан байна.
Хэдийгээр дэлхийн металлын зах зээл БНХАУ-ын эрэлтийг даган нэгэн зэрэг хөдөлдөг болсон ч энэ удаа үгүй аж. Төмрийн хүдрийн үнэд дарамт нэмэгдэж, нүүрсний үнэ унасан хэвээр байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын сонирхол олон төрлийн ашигт малтмал олборлодог том компаниудаас зөвхөн зэсээр дагнасан олборлогчид руу шилжихэд нөлөөлжээ. Тухайлбал: “Antofagasta”-ийн хувьцааны ханш энэ он гарсаар 30 хувиар өссөн бол “Freeport-McMoRan” компанийнх 15 гаруй хувиар өсөөд байна. Харин нөгөө талд “BHP” болон “Rio Tinto”-ийн хувьцааны ханш хоёул 14 орчим хувиар унажээ.
Биржийн арилжаа тун удахгүй
Коксжих нүүрс, төмрийн хүдрийн баяжмал гэсэн гангийн үйлдвэрлэлийн гол орцуудын дараа Монголын Хөрөнгийн биржээр арилжаалагдах дараагийн таваар нь зэсийн баяжмал болоод байгаа юм. Одоогоор зэсийн баяжмалын туршилтын арилжааг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж буй бөгөөд энэ сарын дундаас арилжаа эхлэх төлөвтэй байна.
Энэ оны төсөвт 1.5 сая тонн зэсийг тонн тутамд 9000 ам.доллароор арилжихаар тусгаад байгаа ч эхний ээлжид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийт баяжмалын 5-10 хувийг зарах боломж байгааг УУХҮЯ мэдээлж байлаа. Харин ирэх жилээс 30 хувь, 2025 оноос 50 хувь гэх мэтээр арилжааны хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхээр төлөвлөсөн аж.
Харин “Оюу Толгой” энэ жилдээ бүх экспортоо гэрээлсэн байгаа тул наанадаж 2025 оноос тус уурхайн баяжмалын тодорхой хувийг биржээр арилжаалж эхлэх бололтой.