
“Tencent” компанийн хамтран үүсгэн байгуулагч Ма Хуатэн буюу Пони Ма БНХАУ-ын хамгийн чинээлэг эрхмүүдийн эрэмбэд тэргүүн байраа эргүүлэн авч, тус улс дахь технологийн компаниудын ноёрхлыг бататгав. Хятадын эдийн засгийн сүүлийн дата мэдээллүүд төсөөллөөс сул гарсан нь Хонконгийн биржид бүртгэлтэй зарим компаниудын хувьцаа унахад нөлөөлж, улмаар нийт 43.9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Ма Хуатэн савласан усны магнат Жон Шаньшанийг гүйцэх нөхцөлийг бүрдүүлжээ.
“Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээс харвал “Nongfu Spring”-ийн босс Жон гуравдугаар байр луу ухарсан бол “TikTok”-ийг эзэмшдэг “ByteDance”-ийн Үүсгэн байгуулагч Жан Имин хоёрдугаарт жагсжээ. Гар утасны видео тоглоомын хамгийн том зах зээлд тооцогддог Хятад улсад тус зах зээлийн орлого сэргэснийг даган “Tencent” үзүүлэлтээрээ бусад том өрсөлдөгчдөө давж, Ма Хуатэний хөрөнгийн хэмжээ сүүлийн үед зузаарч буй. “DNF Mobile”, “Black Myth: Wukong” зэрэг блокбастер тоглоомуудын амжилт Хятадын Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэх амлалттай хавсарснаар “Tencent”-ийн үзүүлэлт цар тахлын үеэс хойш харагдаагүй түвшинд хүрч өсөхөд дэм болжээ.
Гэхдээ Ма Хуатэний одоогийн хөрөнгийн хэмжээ 2021 оны нэгдүгээр сард хүрч байсан дээд цэгийнхээ ердөө 40 гаруй хувьтай тэнцэж байна. VII сараас хойш БНХАУ-ын хамгийн чинээлэг эрхмийн байр суурь гурван удаа солигдоод буй. Хятадын хувьцаануудын зарах хөдөлгөөн дээд түвшиндээ хүрч, тус улсын тэргүүн баячуудын хөрөнгөөс олон тэрбум ам.доллар арчигдсан нь Азийн хамгийн томд тооцогдох БНХАУ-ын эдийн засгийн эрүүл байдалд хөрөнгө оруулагчдын эргэлзээ улам гүнзгийрсний дохио болсон.
Цахим худалдааны “PDD Holdings”-ийн үүсгэн байгуулагч Колин Хуан компанийнхаа орлогын базаахгүй төсөөллөөр хөрөнгө оруулагчдаа цочирдуулах хүртлээ ердөө 18 хоногийн турш Хятадын хамгийн чинээлэг эрхэм байсан нь үүний томоохон жишээ юм.