
Зургийг: Chen Yichen/Xinhua/Getty Image
БНХАУ Парисын Олимпоос алтан медалийн хур буулгаж, нийт 40 алтан медальтайгаар АНУ-тай тэнцсэн нь тус улс дэлхийн тавцан дээр Америктай эн тэнцүү өрсөлдөх чадамжтайг харууллаа хэмээн БНХАУ-ын Төрийн өмчит хэвлэл мэдээллийн агентлаг онцолсон байна.
Ням гарагт Олимпын наадам өндөрлөхөд АНУ болон БНХАУ алтан медалийнхаа тоогоор жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд гуравдугаарт бичигдсэн Япон улс тэднээс хоёр дахин бага буюу 20 алтан медаль хүртжээ.
Энэ нь БНХАУ-ын хувьд эх орондоо зохиогдоогүй Олимпын наадамд хамгийн өндөр амжилт үзүүлсэн, АНУ-тай хамгийн сайн өрсөлдсөн тохиолдол болсон байна. 2008 оны Бээжингийн Олимпын наадамд БНХАУ 48 алтан медаль хүртэж тэргүүлж байсан бол АНУ 36 алтан медаль хүртэж байсан юм.
Мэдээж энэхүү амжилт нь БНХАУ-д тэр даруй улс төрийн агуулгатай сэдэв болсон аж.
“Олимпын наадамд БНХАУ, АНУ-ын үзүүлдэг амжилтад гарсан өөрчлөлтийг харьцуулалгүй авч үзэх аргагүй. Энэ өөрчлөлт нь өөрөө үл зогсох шинэ түүхэн чиг хандлагын илэрхийлэл” хэмээн БНХАУ-ын үндэсний үзэлт сонин “Global Times” даваа гарагийн нийтлэлдээ дурджээ.
Олимпын амжилт улс төрийн агуулгатай болсон нь наанадаж 1936 оны Берлиний Олимп, цаанадаж наадмыг зохиосон Эртний Грекийн анхны санаанаас эхтэй. БНХАУ алтан медалийнхаа тоогоор АНУ-тай тэнцсэн мэдээ даваа гарагт тус улсын нийгмийн сүлжээний платформ “Weibo” дээр 660 сая хандалт авч, хамгийн өндөр хандалттай нийтлэл болжээ.
БНХАУ-ын үндсэрхэг үзэлтэй өөр нэгэн веб сайт болох “Guancha.cn” Парисын Олимпын наадмын эцсийн үр дүнгийн талаарх нэгэн элит их сургуулийн профессорын байр суурийг нийтэлсэн байна. Нийтлэлд “Парисын Олимп БНХАУ, АНУ хоёрын өрсөлдөх шинэ талбар болсон нь хоёр улсын сөргөлдөөн олон улсын тавцан дээр нэмэгдэж буйг тодхон харууллаа. Спортын тэмцээн зөвхөн ур чадвар, биеийн хүчний өрсөлдөөн биш болсон. Харин тухайн улсын зөөлөн хүч, олон улс дахь дүр төрхийг илэрхийлэх чухал хэрэгсэл болсон” хэмээн Шанхайн Фудань их сургуулийн олон улсын улс төрийн профессор Шен И бичжээ.
Олон Улсын Олимпын Хороо болон БНХАУ-аас бусад улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд медалийн хүснэгтэд АНУ-ыг медалийн тоо болон чанараар БНХАУ-ын өмнө жагсааж буй. Медалийн тоог авч үзвэл АНУ 126 медальтайгаараа 91 медальтай БНХАУ-аас хол түрүүлж байгаа юм.
БНХАУ-ын зарим интернэт хэрэглэгчид Хонконг, Тайванийн авсан хоёр, хоёр алтан медалийг Хятадын медалийн жагсаалтад оруулах ёстой ч гэж маргасаар. Ингэвэл алтан медалийнх нь тоо 44 хүрч, АНУ-ыг ардаа орхих аж.
Хонконг БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс хэдий ч тусдаа далбаан дор Олимпын наадамд оролцдог. Өөрийн гэсэн засаг захиргааны бүтэцтэй Тайванийн арал ч мөн адил.