
Зургийг: Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт эхлээд байна. Өнөөдөр үдээс хойшдоо түр зуурын аадар бороо орох урьдчилсан төлөв гарсныг ЦУОШГ мэдээллээ. Санал хураалт орон даяар 22.00 цагт дуусах тул сонгогч та цагаа зөв тооцоолж, бүртгэлтэй хэсгийн хороондоо очиж саналаа өгөөрэй.
Сануулах үүднээс энэ удаагийн сонгуульд саналын хуудас бөглөхдөө анхаарахад илүүдэхгүй зарим зөвлөмжийг товчхон хүргэе.
- Хоёр тусдаа саналын хуудас бөглөнө. Эхнийх дээр нэр дэвшигчдийг тойргийнхоо мандатын тоогоор сонгон бөглөнө. Хоёр дахь саналын хуудаст зөвхөн нэг нам эвслийг сонгон бөглөх юм.
- Сонгогч тойргийн мандатын тоонд багтаан бүх нэр дэвшигчдээс чөлөөтэй сонгоно. Зөвхөн нэг нам, эвслийн нэр дэвшигчдийг дангаар нь сонгох албагүй.
- Мандатын тооноос дутуу бөглөвөл санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг буцааж гаргана. Харин илүү бөглөвөл тухайн хуудас хүчингүй болох тул шинээр саналын хуудас авах хэрэгтэй болно. Гэхдээ нэг л удаа гэдгийг санаарай.
- Хуудсан дээр санамсаргүй зурсан, цэг тавьсан тохиолдолд хуудас мөн хүчингүй болно.
- Зориулалтын хавтас ашиглан саналын нууцлалаа хадгалаарай.
Залуусын оролцоо
Энэ удаагийн сонгуульд сонгуулийн насны 2.2 сая иргэн саналаа өгөхөөр бүртгэгдсэн бөгөөд залуусын сонгуулийн оролцоо, улс төрийн идэвх санал хураалтын өдөр анхаарал татдаг үзүүлэлтүүдийн нэг хэвээр байна.
Хамгийн сүүлийн буюу 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээллийг харвал тухайн сонгуулиар 18-24 насны залуусын 47 хувь нь, 25-29 насны залуусын 46.3 хувь нь саналаа өгсөн байна. Өөрөөр хэлбэл эдгээр насны бүлгийн хоёр хүн тутмын нэг нь саналаа өгөөгүй гэсэн үг. Хэрвээ 18-29 насны саналаа өгөөгүй 280 мянга гаруй сонгогч идэвхтэй хандсан бол сонгуулийн ирц 13 хувиар нэмэгдэх байжээ.
Конрад-Аденауэр сан, Нийгэм улс төрийн боловсрол НҮТББ-ын дэмжлэгээр 2021 онд гарсан "Z үеийн залуучуудын улс төрийн оролцоо" сэдэвт судалгаанаас харвал сонгуульд саналаа өгч байгаагүй залуусын 34 хувь нь "Оролцох зав гараагүй" гэж хариулсан бол 26 хувь нь "Итгэл хүлээлгэх нам, улс төрч байгаагүй" гэж хариулсан байна.
Залуучууд улс төрд идэвхтэй оролцохгүй бол Монгол Улс ардчилалд шилжсэнээс хойш гарсан ололт амжилтуудад аюул учрахаар байгааг Конрад-Аденауэр сангийн Йоханн Фурманн "Гэрүүд ба тэнгэр баганадсан шилэн барилгууд" хэмээх нийтлэлдээ анхааруулж байсан юм.
Эцэст нь…
Хэрэв та аль нам, эвсэл, ямар нэр дэвшигчид санал өгөхөө хараахан шийдээгүй байгаа бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн сүүлийн жилүүдийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвийг дүгнэсэн дараах нийтлэлүүд тус болж магад.
- Жигд бус өсөлт, авлига ба ядуурал: Монголд "дүн тавих" 5 чарт
- Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ? Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөлөл
- Шинээр бүрдэх УИХ-д илүү ширүүн мэтгэлцээн өрнөдөг болох уу?
- "Төрийн түмэн оролцоо" - Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувь нь Төрөөс шууд хамааралтай байна.
- Төр оролцоогоо нэмэх замаар стратегийн хөрөнгө оруулагч орж ирэх үүд хаалгыг хаав уу?
- Залууст ээлгүй?... 30-аас доош насныхны аз жаргалын үзүүлэлтээр Монгол Улс 143 улсаас 86 дугаарт эрэмбэлэгдэж байна.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com