
Shannon Fagan/Stone RF
“PricewaterhouseCoopers” буюу PwC дэлхийн Гүйцэтгэх захирлуудын дунд 27 дахь жилдээ, Монголын Гүйцэтгэх захирлуудын дунд хоёр дахь жилдээ хийсэн эдийн засгийн хүлээлтийн судалгааны үр дүнгээ танилцуулаад байна. Дотоодын бизнесийн орчны 2024 оны гол трендүүд, тулгарах саад бэрхшээлүүд юу байхыг шийдвэр гаргагчид хэрхэн тооцоолсныг харцгаая.
Хүлээлт сайжрав
12 сарын өмнө Монголын Гүйцэтгэх захирлууд дотоодын болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвт аль алинд нь сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байжээ. Тэгвэл энэ оны PwC-ийн судалгаанд оролцсон Монголын 35 Гүйцэтгэх захирлын хүлээлт огцом эргэж, дэлхийн бусад CEO нарын хүлээлтээс зөрсөн байна.
Тухайлбал тэдний 86 хувь нь Монголын эдийн засгийн өсөлт сайн байна гэж үзсэн бол 60 хувь нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд мөн өндөр найдлагатай байгаагаа илэрхийлжээ.
Харин тэдний үзсэнээр Монголын бизнесүүдэд нэн чухал нөлөөтэй байх орнуудын нэгдүгээрт эргэлзээгүй БНХАУ бичигдсэн бол ОХУ, АНУ удаалжээ. Сонирхолтой нь энэ онд Ази, Номхон далай болон Төв, Зүүн Европын орнуудад бизнесээ тэлэхээр төлөвлөж буй захирлуудын эзлэх хувь нэмэгдсэн байна.
Шинэ арга барилын эринд
PwC-ийн 2024 оны судалгаа “Зогсолтгүй үргэлжлэх шинэ арга барилын эринд өсөлтийг цогцлоох нь” гэсэн ерөнхий сэдэвтэй байв. Бизнесүүд өнөөгийн шинэ нөхцөлд богино хугацааны ашигт ажиллагаанд тохируулан эрсдэлээ удирдахын хажуугаар урт хугацааны өсөлтөд бэлтгэн өөрчлөлт хийх зорилготой байгаа нь өмнөх жилийн судалгаанаас тодорхой харагдаж байв.
Тэгвэл энэ онд Монголын Гүйцэтгэх захирлуудын дийлэнх нь шинээр гарч ирж буй мега трендүүдэд анхаарал хандуулж, шинэчлэлийн эхний алхмуудыг хийсэн болохыг судалгаанд дурджээ. Ялангуяа макро эдийн засгийн тогтворгүй байдал, эрүүл мэнд зэрэг эрсдэлд өртөмтгий байдлаа бууруулж байгаа ч геополитикийн зөрчил, инфляцын өсөлт, кибер аюулгүй байдлын эрсдэлд санаа зовсон хэвээр буй нь харагдсан байна.
Бид бүгд л Ковидын өмнөх үе рүү эргээд аажмаар явж байх шиг байна. Өнгөрсөн гурван жилийн турш уналттай байсан эдийн засаг сэргэж байгаа нь удирдах ажилтнуудын зах зээлийн эерэг хүлээлтэд нөлөөлж байгаа. Гэхдээ тэдний хүлээлт эерэг ч зарим талаар болгоомжилсон хандлагатай байгаа байх. Яагаад гэвэл тун удахгүй сонгууль эхлэх гэж байна.
Трендүүд
Мега трендүүд нь CEO нарыг инновац хийхээс өөр аргагүй болгож байгаачлан Монголын Гүйцэтгэх захирлуудын уур амьсгалын өөрчлөлт хандуулах анхаарал нэмэгджээ.
Үүнээс гадна тэдний ихэнх нь генератив хиймэл оюун ажлын үр бүтээмжид томоохон эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн байна. Тодруулбал дараагийн 12 сарын хугацаанд химйэл оюун ажлын бүтээмжийг 5-аас дээш хувиар нэмэгдүүлнэ гэдэгтэй 70 хувь нь санал нийлжээ.