
Зургийг: Michael M. Santiago/Getty Images
“MSCI China Index”-ээс энэ сард БНХАУ-ын 60 гаруй бүртгэлтэй хувьцааг хасна гэдгийг “MSCI” компани мэдээлсэн байна. Тавдугаар сард 56, хоёрдугаар сард 66 хувьцааг бүртгэлээсээ хассан аж. Ингэснээр сүүлийн хоёр жилд БНХАУ-ын хувьцааг хамгийн өндөр тоогоор танаж буй үйл явдал болж байна. Долоодугаар сарын эцсийн байдлаар хөгжиж буй орнуудын “MSCI Index”-д зах зээлийн эзлэх жингээр БНХАУ-ын хувьцаанууд 22.33 хувийг нь бүрдүүлж байв.
Дээрх өөрчлөлт нь дэлхийн хоёр дахь том орны эдийн засгийн хүлээлт улам суларч буй, мөн хөгжиж буй орнуудын хувьцааг дагадаг индексүүдэд БНХАУ давуу байдлаа Энэтхэг, Тайваньд бага багаар алдаж буйн илрэл болж байгаа юм.

Наймдугаар сарын 30-ны өдөр гэхэд “MSCI All Country World Index”-д тус өөрчлөлт нөлөөлөх хүлээлттэй байгаа аж.
Харин арилжаанд оролцогчид Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгийн шийдвэрт нөлөөлөх эдийн засгийн гол мэдээллийг хүлээхтэй зэрэгцэн хөгжиж буй орнуудын хувьцааны ханш арилжааны дөрвөн өдөр дараалан өсөлтөө хадгалж байна.
Хөгжиж буй орнуудын “MSCI Index” даваа гарагт 0.5 хувиар өслөө. Мөн “Taiwan Semiconductor Manufacturing”, “Tencent Holding” компанийн хувьцааны ханш огцом өссөн байна. Валютуудын хувьд холимог дүр зурагтай байгаа бөгөөд Мексикийн песо бусад Латин Америкийн орнуудын валютыг өсөлтөөрөө тэргүүллээ.

Хөрөнгийн зах огцом унасан ч харьцангуй хурдан тогтворжиж, ам.долларын ханш эргэн чангарч байгааг “Societe Generale”-ийн Азийн хөрөнгийн захын шинжээч онцолж байна.
Хөрөнгийн захын өсөлт нь хөгжиж буй орнуудын үнэт цаас болон валютын жишиг индексүүдийн тренд ялгаатай байгааг харуулж байгаа юм. Өнгөрсөн пүрэв гарагт 2003 оноос хойш анх удаа сөрөг утга руу ороод байсан үнэт цаас болон валютын ханшийн 20 өдрийн корреляци, одоогийн байдлаар 0 рүү дөхөж ирээд байна.
Түүнчлэн индексүүдийн илүү урт хугацааны хамаарлыг харуулдаг 120 өдрийн корреляци нь 2018 оны эхэн үеэс хойших доод цэгт хүрээд байгаа юм.