
Зургийг: Winslow Townson/Getty Images
(Bloomberg) -- Хувийн хөрөнгө оруулалтын “STG Partners” фирм болон технологи, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулагчдыг багтаасан консорциум NBA-ийн “Boston Celtics” багийг 6.1 тэрбум ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрчээ.
Энэ нь зөвхөн NBA-ийн төдийгүй спортын түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хэлцэл болж байна. 2022 онд “Phoenix Suns” баг тэрбумтан Мат Ишбиад дөрвөн тэрбум ам.доллароор, 2023 онд америк хөлбөмбөгийн “Washington Commanders" баг 6.05 тэрбум ам.доллароор зарагдсан нь өмнөх дээд үзүүлэлтүүд байлаа.
Калифорнид төвтэй “STG Partners”-ийн хамтран үүсгэн байгуулагч, “Boston Celtics”-ийн үнэнч дэмжигч Билл Чисхолм энэхүү хэлцэлд тэргүүлэх үүрэгтэй оролцсон аж. Тус компани энэ долоо хоногт мөн бейсболын “San Francisco Giants” багийн 10 хувийг худалдаж аваад байсан юм.
“Boston Celtics” баг өнгөрсөн онд NBA-ийн аварга болсны дараахан багийн одоогийн эзэмшигчдийн групп “Boston Basketball Partners” олон жилийн түүхтэй франчайзаа зарах гэнэтийн шийдвэр гаргаж байв.
Цалингийн зардал хэт өндөр, мөн багийн “TD Garden” ордныг өөрсдөө эзэмшдэггүй нь үүнд нөлөөлсөн байх боломжтой аж. Түүнээс хойш “Boston Celtics”-ийн эзэд боломжит худалдан авагчидтай уулзсаны дунд Арабын Нэгдсэн Эмират улсын Үндэсний баялгийн сангуудын нэг болох “Mubadala Investment” багтжээ.