
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Ням гарагийн өглөө Jeju Air компанийн Boeing 737-800 онгоц БНСУ-ын өмнөд хэсгийн Муан хотын нисэх буудалд газардахдаа нислэгийн зурвас дээр гулсан замаасаа гарч, хашлага мөргөн дэлбэрчээ. Онгоцонд 181 хүн зорчиж явснаас хоёр онгоцны үйлчлэгч л амьд үлдсэнийг албаныхан мэдээлээд байна. Бангкок хотоос Муан чиглэлд чартер нислэг үйлдэж байсан тус онгоцны дийлэнх зорчигчид нь өвлийн амралтаараа Тайландад аялаад буцаж явжээ.
Өмнөд Солонгосын иргэний агаарын тээврийн түүхэн дэх хамгийн олон хүн амь үрэгдсэн осол нь энэ болж байна. Хамгийн сүүлд 2002 онд Air China-ийн онгоц Бусан хотын ойролцоо осолдож, 129 хүн амиа алдаж байв. Мөн сүүлийн 10 жилд дэлхийд хохирлын хэмжээгээр хоёрдугаарт бичигдэх том осол болохыг Aviation Safety Network-ийн мэдээлэл харуулж байна.
Осолтой холбоотой хэд хэдэн учир битүүлэг зүйлс байгаа бөгөөд одоогоор шалтгааныг таамаглахад эрт болохыг мөрдөн шалгах албаныхан мэдээлжээ. Онгоц агаарт шувуу мөргөснөөс хөдөлгүүр нь гэмтсэн байж болзошгүй гэж яригдаж буй ч ийм зүйл тохиолдох нь маш ховор, мөн онгоц нэг хөдөлгүүртэйгээр тодорхой хугацаанд нисэх боломжтой тул шувуу мөргөөд осолдох магадлал тун бага аж. Түүнчлэн газардахын өмнө онгоцны дугуй дэлгэгдээгүйн шалтгаан тодорхой бус байна.
Jeju Air компани 15 жилийн настай тус онгоцоор 2017 оноос хойш нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд хуваарьт засвар үйлчилгээгээр ямар нэг гэмтэл согог илрээгүйг компанийн Гүйцэтгэх захирал Ким Е-Бэ мэдээлжээ. 737-800 онгоц нь сүүлд аюулгүй байдлын ноцтой асуудалд ороод байсан Boeing 737 Max-ийн өмнөх загвар нь юм.
Энэ сарын эхээр Ерөнхийлөгч нь онц байдлын дэглэм зарлаад бүтэлгүйтсэнээс хойш БНСУ улс төрийн гүнзгий хямралд ороод буй. Эмгэнэлт ослын дараа Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Муг долоо хоногийн гашуудал зарлажээ.
2 долоо хоногт 2 удирдагч
БНСУ-ын Парламент Баасан гарагт санал хураалт явуулж, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Дог Сүг огцруулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа улс төрийн гарцгүй нөхцөлд ороод буй БНСУ-ын Засгийн газарт дахин нэг том цохилт ирэв.
Гишүүдийн 50-иас дээш хувийн саналаар шийдэгдэх байсан энэ удаагийн санал хураалтад Үндэсний Ассемблейн 192 гишүүн оролцож, 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг огцруулахыг дэмжжээ. Үүний дараа тус улсын Сангийн сайд Чой Сан Муг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалыг хүлээн авсан байна.
Тус улсын Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшүүлсэн гурван шүүгчийг Хан Дог Сү томилохоос татгалзсан тул сөрөг хүчний Ардчилсан намаас түүнийг огцруулах санал хураалт явуулах тухай хуулийн төсөл Пүрэв гарагт өргөн барьсан юм. Шинэ шүүгчдийг томилсноор Юн Сог Ёлийг албан тушаалаас нь огцруулах эцсийн шийдвэр хүчин төгөлдөр болох магадлал эрс нэмэгдэх байлаа.
БНСУ-ын түүхэнд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг огцруулсан анхны тохиолдол нь энэ болж байна. Эдийн засгийн сорилт сунжирч, Умард Солонгосын пуужингийн сүрдүүлэг нэмэгдсэн үетэй давхцан улс төрийн энэхүү хямрал тохиосон нь санхүүгийн зах зээлүүдийг цочроож, БНСУ-ын түншүүдтэйгээ хийх дипломат арга хэмжээнүүд тасалдахад хүргээд буй.