
Зургийг: Kevin Frayer/Getty Images
БНХАУ 2024 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө тодорхойлж, эдийн засгийн өсөлтөө түргэвчлэхэд ямар стратеги баримтлах талаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулганаар танилцуулахаар байна.
Энэ онд тус улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн оныхтой адил буюу тав орчим хувьд хадгалагдах төлөвтэй байгаа аж.
Хөрөнгө оруулагчдын зүгээс БНХАУ төсвийн нэмэлт дэмжлэг үзүүлэх, мөн эдийн засгийн бодлого чиглэлээ өөрчилж, үл хөдлөх хөрөнгөөс илүү хэрэглээг нэмэгдүүлэхэд голлон анхаарах байх гэсэн таамагтай байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны 12 дугаар сард болсон хурлын үеэр танилцуулж байсан бодлого чиглэлээ барихаар байна гэж “JP Morgan Chase”-ийн эдийн засагчид үзэж байгаа аж.
БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн онд 5.2 хувиар өссөн нь Засгийн газрынх нь албан ёсны зорилтот түвшнийг давсан ч дотоодын эрэлт, хэрэглэгчийн итгэлд удаан хугацаанд нөлөөлж буй асуудлуудын ихэнх нь дээрдээгүй хэвээр үлджээ.
Үүнээс өмнө эдийн засагчид 2024 оны БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн зорилтоо бууруулаад байсан юм. Тухайлбал: БНХАУ-ын эдийн засаг 2024 он хүртэл жил бүр таван хувиас бага буюу 4.6-4.8 хувиар өснө гэж үзэж байв.