
Зургийг: Bloomberg/CFOTO/Future Publishing/Getty Images
Өнгөрсөн онд БНХАУ-д нүүрсний цахилгаан станцын шинэ төслүүд сүүлийн 10 жилийн хамгийн өндөр дүнгээр өссөн байна. Хэдийгээр тус улс сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг зорилтоо болгосон ч эрчим хүч үйлдвэрлэлд нь нүүрсний гүйцэтгэх үүрэг нэмэгдсээр байгааг энэ нь харуулж байна.
2024 онд БНХАУ-д бүтээн байгуулалт нь эхэлсэн нүүрсний шинэ цахилгаан станцуудын хүчин чадал бараг 95 гигаваттаар хэмжигдсэн нь 2015 оноос хойших дээд үзүүлэлт болохыг Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төв, “Global Energy Monitor”-ийн хамтарсан судалгаа харуулж байна.
Мөн БНХАУ-ын орон нутгийн захиргаанууд өнгөрсөн онд нийт 67 гигаваттын нүүрсний цахилгаан станцын төсөлд зөвшөөрөл олгосон байгаа юм.
Энэхүү өсөлт нь тус улсын цэвэр эрчим хүчний хурдацтай хөгжилтэй давхцаж байгаа аж. Харьцуулбал 2024 онд БНХАУ дахь нар, салхины станцын суурилагдсан хүчин чадал 356 гигаваттаар нэмэгдсэн байна.
Тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпин 2026 оноос нүүрсний хэрэглээг бууруулж эхлэх амлалт өгөөд байгаа юм. Хэдий тийм боловч нар, салхины станцуудын үйлдвэрлэх эрчим хүчний тогтвортой бус байдлыг нөхөх нөөц эх үүсвэр гэдэг утгаараа нүүрс БНХАУ-ын эрчим хүчний аюулгүй байдлын тулгуур багана болж байна.