
Зургийг: С.Батсайхан
ОХУ-аас нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг хязгаарлахтай холбоотой өчигдөр гарсан мэдээллүүд Монгол Улсын эрчим хүчний тогтолцооны суурь асуудлууд, эрчим хүчний хараат байдлын эрсдэл, сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг дахин анхаарлын төвд орууллаа.
ХҮЛЭЭХ ЦАГ ҮЛДСЭНГҮЙ
ОХУ-аас нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахааргүй болсныг Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдээллээ. Үүнээс өмнөхөн тус улсын хоёр цахилгаан станцад гэмтэл гарсан шалтгаанаар Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг 345 мВт-аас 150 мВт болгож бууруулах мэдэгдэл хүргүүлж, улмаар шаардлагатай үед эрчим хүч хязгаарлахаас өөр аргагүй байдалд хүрснийг Эрчим хүчний сайд анхааруулаад байв.
Цахилгаан эрчим хүчнийхээ 20 гаруй хувийг импортоор авдаг Монгол Улсад багагүй сандрал үүсгэсэн дээрх мэдээллүүд нь эрчим хүчний найдвартай байдалд амин чухал төслүүдийг удааширч гацсан, шийдлээ хүлээж буй нөхцөл байдлаас яаралтай гаргах ёстойг тод харууллаа.
1980-аад оны сүүлээс хойш яригдсан V цахилгаан станцын байршлыг нь ч сонгож чадахгүй байсаар цаасан дээр үлдсэн төсөл болж үлдсэн. Түүнчлэн олон жил дуншиж буй Тавантолгойн цахилгаан станцын хувьд одоогоор төслийн хоёр оролцогч нь хоорондоо шүүхийн маргаантай байгаа бөгөөд маргаан шийдэгдвэл 2024 ондоо багтаагаад бүтээн байгуулалтын ажил нь эхлэхийг Эрчим хүчний сайд мэдээлж байв. Харин 400 мВт-ын хүчин чадалтай Багануурын цахилгаан станцын төсөл хуучин хөрөнгө оруулагчид нь гарсан шалтгаанаар зогсжээ.
Ажил нь урагшилж буй төслүүд гэвэл 300 мВт-ын хүчин чадал бүхий Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 мВт-ын блокийг 2024 оны III улирлын эцэст ашиглалтад оруулахаар байгаа аж. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө ОХУ-аас эрчим хүчний импорт тасалдсан тохиолдолд хомсдолыг нөхөх чухал ач холбогдолтой өндөр хүчин чадлын анхны батарей станц ашиглалтад орсон юм.
ХАМГИЙН ҮР АШИГТАЙ ХУВИЛБАР – СЭХ
Ойрын ирээдүйд болон урт хугацаандаа санхүүжилт олоход хамгийн хялбар, үнэ өртөг хамгийн багатай сонголт нь сэргээгдэх эрчим хүчний төслүүд болж байна. Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн (IRENA) тооцоолсноор Монгол Улс зөвхөн нар, салхины эрчим хүчний нөөцөөсөө жилд 15 мянган тераватт/цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой нь 18 сая тонн нүүрсийг орлохуйц хэмжээ аж.
Монгол Улс 2019 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг шинэчлэн баталснаас хойш хэрэгжиж буй нарны цахилгаан станцын төслүүдийг бид өмнө нь танилцуулсан. Харин 266 сая ам.долларын өртгөөр босох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийг 10 дугаар сард БНХАУ-ын талтай байгуулсан бөгөөд Эрчим хүчний яамны мэдээлснээр дөрвөн жилийн дотор баруун бүсийг цэвэр эрчим хүчээр хангаж эхлэх хүлээлттэй байна.