logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Агаарын тээвэр, дэд бүтэц хойш чангаасаар ... Аялал жуулчлалын хөгжлийн индексээр Монгол Улс 6 байр ухарлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 24 10:30
    707

    Зургийг: С.Батсайхан

    Цар тахлын хорио хязгаарлалтаас хамгийн их хохирол амссан салбаруудын нэг болох аялал жуулчлал дөнгөж эргэн өндийж буй энэ үед Дэлхийн эдийн засгийн чуулган 2024 оны Аялал жуулчлалын хөгжлийн индексийг танилцуулав

    Сэргэлт ирэх ч сорилтууд бий

    Энэ онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнд аялал жуулчлалын салбарын, тэр дундаа олон улсын жуулчдын хөдөлгөөний оруулах хувь нэмэр цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүрч эргэн сэргэх төлөвтэй байна.

    Хэдийгээр аялал жуулчлалын салбар цар тахлын цочролоос ангижирсан ч бусад гадаад сорилтуудтай тулгараад байгаа юм. Тухайлбал: макро эдийн засаг, геополитик, хүрээлэн буй орчны улам өсөн нэмэгдэж буй эрсдэлүүд нь тус салбарт сорилт дагуулсаар байгаа аж. Мөн ажиллах хүчний байнгын хомсдол, агаарын тээврийн багтаамж ба хүрэлцээ, хөрөнгө оруулалт, салбарын бусад нийлүүлэлтийн хүчин зүйлс нь аялал жуулчлалын эрэлтийн өсөлтийг хангаж гүйцэхгүй байна.

    Энэ бүхэн Дэлхийн эдийн засгийн чуулган Английн “Surrey” их сургуультай хамтран хоёр жил тутам гаргадаг “Аялал жуулчлалын хөгжлийн индекс-2024” тайланд хөндсөн онцлох асуудлууд юм.

    Түүнчлэн Дэлхийн эдийн засгийн чуулган энэхүү тайландаа 119 улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийг үнэлсэн эрэмбээ шинэчлэн танилцуулжээ. Гол шалгуурын хувьд улс орнуудын аялал жуулчлал хөгжих орчин, бодлогын дэмжлэг, дэд бүтэц ба үйлчилгээ, аялал жуулчлалын нөөц, тогтвортой байдал гэсэн таван гол үзүүлэлтээр дүгнэсэн байна.

    Аялал жуулчлалын хөгжлөөр АНУ, Испани, Япон, Франц, Австрали зэрэг улс 2024 оны эрэмбийг тэргүүлжээ. Хэдий тийм боловч сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнууд хамгийн сайн ахиц дэвшил харуулсныг онцолсон байна. Тухайлбал: дундаас дээгүүр эдийн засагтай орнуудын дотроос БНХАУ үзүүлэлтээрээ эхний 10-т багтсан бол Индонез, Бразил, Турк зэрэг аялал жуулчлалын шинэ төвүүд БНХАУ-тай зэрэгцэж, жагсаалтын эхний 30 дотор багтаж чаджээ.

    6 байр ухрав

    Нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад буй Монгол Улсын хувьд дээрх эрэмбэд нийт авах ёстой долоон онооноос 3.57 оноо авч, 85 дугаарт бичигдсэн байна. Монгол Улсын оноо цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой харьцуулахад хоёр хувиар буурч, улмаар эрэмбэд зургаан байр ухрахад нөлөөлжээ.

    Шалгуур үзүүлэлтүүдээс харвал жуулчдын аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл мэндийн үзүүлэлтээр Монгол Улс өндөр оноо авсан ч аялал жуулчлалд нээлттэй байдал, агаарын тээврийн болон авто замын дэд бүтэц, соёлын өвийн нөөц, амралт зугаалгын бус аяллын нөөц (бизнес, боловсрол г.м), аялал жуулчлалын тогтвортой эрэлт гэсэн үзүүлэлтүүдээр хамгийн тааруу буюу гурваас доош оноо авчээ.

    Ойролцоо эдийн засагтай хөгжиж буй орнуудын эрэмбийг харвал Узбекистан улс 94-өөс 78 руу, Албани 78-аас 66 руу, Кот’д Ивуар 116-аас 114 рүү байр ахисан байна.

    2023 онд 645 мянга гаруй жуулчин хүлээн авсан, нэг тэрбум ам.доллар давсан орлоготой хоёр дахь салбар болсон, шууд нислэгтэй орнуудын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа зэрэг эерэг үзүүлэлтүүд Монголын аялал жуулчлалын салбарт дүүрэн байгаа юм. Энэ онд болон ирэх жилүүдэд Монгол Улсыг зорих жуулчдын тоо бүр ч нэмэгдэх төлөвтэй байгаа ч өсөлтийг тогтвортой хадгалахын тулд тооноос гадна чанарын асуудал байнга яригдахаар байна.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

     

    Cэтгэгдэл бичих