
Зургийг: Bloomberg
Дубай хотод болсон COP28 буюу Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал бүх төрлийн шатах түлшнээс татгалзах шилжилттэй холбоотой хэлэлцээр анх удаа байгуулснаар өндөрлөлөө.
Хэлэлцээрт улс орнуудыг түргэн хугацаанд, мөн эмх журамтай, үнэн шударга байдлаар эрчим хүчний тогтолцоогоо шатах түлшнээс хамааралгүй болгохыг уриалжээ. Түүнчлэн энэхүү шилжилтийг зөвхөн бие даан хийлгүйгээр дэлхий даяарх шилжилтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахыг уриалсан байна.
Хэдийгээр чуулганы үр дүн дийлэнх орнуудын дэмжиж байсан шатах түлшний хэрэглээг бүрэн халах зорилттой нийцээгүй ч нэгэн шинэ эхлэлийг тавьж чадсан гэдгээрээ онцлог болж байна. Өмнөх COP-ийн уулзалтуудаас гарсан баримт бичгүүдэд олон жилийн турш дэлхийн эдийн засгийг тэтгэж ирсэн газрын тос, байгалийн хийнээс татгалзах тухай огт дурдагдаж байгаагүй юм.