logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дэлхийн хамгийн том баялгийн сан 2024 оны I улиралд $110 тэрбумын ашиг олжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 04 сарын 19 17:03
    677
    1.6 их наяд ам.долларын хөрөнгөтэй Норвегийн баялгийн сангийн хөрөнгө оруулалтын өгөөж оны эхний улиралд 110 тэрбум ам.доллар байсан ч жишиг зорилтдоо хүрээгүй байна.

    Норвегийн баялгийн сангийн толгой компани болох "Norges Bank Investment Management" эхний улиралд хөрөнгө оруулалтаасаа нийт 110 тэрбум ам.доллар буюу 6.3 хувийн өгөөж хүртсэнээ пүрэв гарагт мэдээллээ. Харьцуулбал өнгөрсөн оны эхний улиралд 7.9 хувийн өгөөж хүртэж байжээ.

    Нэгдүгээр улирлын үзүүлэлтийг нь задалж харвал хувьцаануудаас авсан өгөөж нь 9.1 хувьтай байсан бол тогтмол орлогын хэрэгслүүдээс 0.4 хувийн алдагдал хүлээсэн байна. Ингэснээр өгөөжийн жишиг зорилтоосоо 0.1 нэгж хувиар дутсан бөгөөд шалтгаан нь үл хөдлөх хөрөнгийн салбарын сул үзүүлэлттэй холбоотойг тайлбарлажээ. Тухайлбал эзэмшдэг үл хөдлөхүүдээсээ 0.5 хувь, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцээс 11.4 хувийн алдагдал хүлээсэн аж.

    "Хэдийгээр эхний улиралд зах зээлийн өсөлтийн мөчлөг үргэлжилсэн ч зэрэгцээд бодлогын хүү дахин өссөн. Хөрөнгө оруулагчид ирэх санхүүгийн улирлын тайлангууд хүлээлтэд хүрэх эсэхт гол анхаарлаа хандуулахаар байгаа" хэмээн тус сангийн Гүйцэтгэх захирлын орлогч Тронд Гранде онцолсон байна.

    Тус сан нь Норвегийн газрын тос, байгалийн хийн олборлолтын орлогоор хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг. Сүүлийн байдлаар нийт 8,900 компанид хувьцаа эзэмшиж байгаа нь дэлхий даяар биржид бүртгэлтэй бүх хувьцааны 1.5 хувийг эзэмшдэг гэсэн үг юм.

    Сангийн хөрөнгийн хэмжээг Норвегийн иргэн бүрд хувааж тооцвол нэг хүнд 283 мянган ам.доллар оногдох юм. 

    Хөрөнгө оруулалтын багцад нь багтдаг хамгийн өндөр дүнтэй  хувьцаанууд гэвэл Microsoft, Apple, Nvidia гэсэн компаниудын хувьцаа байна. Харин технологийн бус салбараас гэвэл эм үйлдвэрлэгч Novo Nordisk-д хамгийн өндөр дүнтэй хувьцаа эзэмшдэг.

    Сангийн өнгөрсөн улирлын нийт өгөөжийн тэн хагасыг нь технологийн салбарын хувьцаанууд бүрдүүлснийг бөгөөд хиймэл оюуны бизнесүүдийн өсөлт, эдийн засгийн таатай төлөв, бодлогын хүү буурах хүлээлт үүнд голлон нөлөөлснийг тодотгожээ.

    Cэтгэгдэл бичих