
Зургийг: С.Батсайхан
Оны эхний улиралд бүртгэлтэй 240.8 мянган хуулийн этгээдийн 40.6 хувь нь үйл ажиллагаа явуулж, үлдсэн 59.4 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 66.7 хувь нь үйл ажиллагаагаа түр зогсоосон бол үлдсэн 33.3 хувь нь үйл ажиллагаа эхлээгүй болон бусад шалтгаантайг ҮСХ мэдээллээ.
Сүүлийн жилүүдийн статистикаас харвал үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн тоо 2020 оноос 2023 оны II улирал хүртэл тогтмол өсөж байсан. Харин III улирлаас буурах хандлагатай байсан ч эргэн өссөн дүр зурагтай байна. 2023 онд Монголын бизнесийн орчны үнэлгээ цар тахлын үеэс найман хувиар буурсныг МҮХАҮТ-ын судалгаа харуулсан. Бизнесээ санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэр хомс, бизнесийн маргаан шийдвэрлэх байдал хангалтгүй, Монголд гадаад худалдаа эрхлэхэд хүндрэлтэй зэргээр бизнес эрхлэгчид дүн тавьсан.
Харин оны эхний улиралд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн тоо өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар өссөн байна. Бизнес регистрийн санд 240.8 мянган хуулийн этгээд байгаагаас 6.6 мянга нь шинээр нэмэгдсэн бол 0.3 мянга нь татан буугдсаныг ҮСХ мэдээлжээ.
Нийт хуулийн этгээдийн 79.5 хувь нь компани, 13.2 хувь нь ТББ, үлдсэн хэсгийг нөхөрлөл, төсвийн зэрэг бусад ААН бүрдүүлж байна.