
Эх сурвалж: Bloomberg Originals
Halving гэж юу вэ?
1800-аад оны “алтны халуурал”-ын үетэй харьцуулахад өнөөдөр алт олборлолтын салбар маш их өөрчлөгдсөн. Он жилүүд өнгөрөх тусам дэлхийн алтны нөөц багасаж, шинэ орд илрүүлэхэд улам хэцүү болж байна. Биткойн ч гэсэн үүнтэй ижил байдлаар загварчлагджээ. Өөрөөр хэлбэл тус криптовалютын гүйлгээнд гаргах токений тоо нь тогтмол байдаг.
21 сая. Энэ бол бүх цаг үед оршин байх боломжтой нийт Биткойны тоо. Үүний 19 сая гаруйг нь аль хэдийн олборложээ. “Halving” буюу “хагаслах” гэдэг нь Биткойны хязгаарлагдмал нөөцийг удирдаж, ховордол бий болгох зориулалттай механизм юм. Дөрвөн жил тутамд нэг удаа “halving” хийгдэхэд ирээдүйд олборлогдох Биткойны бүх блокоос олох урамшуулал буюу орлого 50 хувиар багасдаг. Нэг л өдрийн дотор олборлогчдын гаргаж авах Биткойн, түүнээс олох орлого нь хагаслагдана гэсэн үг.
“Halving” нь Биткойны хувьд зах зээлд бүхэлд нь зохицуулалт хийж, илүү үр ашигтай болгодог жам ёсны үзэгдэл гэж болно. Энэ нь тус криптовалютыг эзэмшигчдэд таатай үр дүнтэй байж болох ч олборлогчдод багагүй хохирол учруулна. Гэхдээ өмнө нь хийгдсэн бүх “halving”-ийн дараа Биткойны үнэ бүх цаг үеийн дээд цэгээ шинэчлэн тогтоосон тул олборлогчдыг үргэлжлүүлэн олборлохоос өөр аргагүй байдалд хүргэж байв. Тиймээс олборлолтыг ашигтай хэвээр хадгалахын тулд Биткойны үнэ өсөх ёстой. Эс бөгөөс энэ нь хэт өндөр өртөгтэй бизнес болно.
AI салбар дахь боломж
Өртгийн ихээхэн хувийг эзэлдэг нэг зүйл нь олборлогчдын ашигладаг технологи, төхөөрөмжүүд юм. Биткойн олборлолт нь тасралтгүй үргэлжлэх процесс тул төхөөрөмжүүд, программ хангамжаа хэдэн сар болоод л шинэчилж, бусдаас илүү хурдтай олборлолт хийж чадах хамгийн сүүлийн үеийн загвараар солих ёстой.
Олборлолтын компаниуд хуучин төхөөрөмжөө ихэвчлэн агуулахад хадгалж, Биткойны үнэ хангалттай өсөх үед дахин ашиглана гэж найддаг бол зарим нь зүгээр л хаягдал металл болгон зардаг. “Halving” нь олборлолтыг мэдээж улам хэцүү болгох тул шинэ өртгөөр үйл ажиллагаа явуулахад төхөөрөмжүүд нь хэт хоцрогдоно гэсэн шалтгаанаар тус бизнесээс бүрэн гарсан компаниуд ч олон бий.
Borealis Data Center, Исланд
Тэгвэл өнөөгийн хиймэл оюуны технологид шаардагддаг компьютер тооцооллын нүсэр хэрэгцээ нь Биткойн олборлогчдод дээрх өндөр зардал, савлагаа, тодорхойгүй байдлын эрсдэлийг бууруулах маш том боломж олгож байна. Өмнө нь олборлолт хийж байсан зарим компаниуд хүчирхэг төхөөрөмжүүд, дата төв гэсэн хоёр давуу талаа ашиглан зогсолтгүй томорсоор буй хиймэл оюуны моделиудыг сургах бизнес рүү шилжжээ.
Тэдгээрийн нэг нь саяхан Исландын алслагдмал нутагт шинэ дата төвөө нээсэн Bit Digital компани юм. Компани Биткойн үргэлжлүүлэн олборлож, төхөөрөмжүүдээ шинэчлэхийн хажуугаар хиймэл оюуны салбарын үйлчлүүлэгчдэд компьютер тооцооллын хүчин чадлаа санал болгож байгаа аж.
“Үйлчлүүлэгч маань ChatGPT-тэй төстэй технологи бүтээж байгаа. Үүний тулд их хэлний модель хэмээх бааз суурь хэрэг болно. Бидний хувьд Nvidia-ийн үйлдвэрлэсэн төхөөрөмжийг худалдан авч, тооцооллын хүчийг нь үйлчлүүлэгчдээ түрээсэлдэг” хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Сэм Табар онцолсон байна.