logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Уур амьсгалын яам, эрчим хүчний реформ ба бусад: Шинэ ЗГ-ын бүтэц, хүлээгдэж буй сорилтууд
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 09 09:00
    524

    Зургийг: www.parliament.mn

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцэж байна

    Шинээр бүрэлдсэн УИХ-д хамгийн олон суудал авсан Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам хамтарсан Засгийн газар байгуулахаар тохиролцоод байна. Түүнчлэн шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн эхнээсээ тодорхой болж байна.

    Уур амьсгалын яамтай болно

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын даргад өргөн барьсан Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслөөс харвал шинээр эмхлэн байгуулах Засгийн газар 22 сайд, 16 яамтай ажиллахаар байна. Сайд нарын бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд, яамдын сайд нараас гадна онцгой байдлын болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн хоёр шадар сайд, Үндэсний хороодыг удирдах дөрвөн сайдаас бүрдэх аж.

    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Гадаад харилцааны яам
    • Сангийн яам
    • Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Батлан хамгаалах яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Боловсролын яам
    • Гэр бүл, хүний хөгжлийн яам
    • Зам, тээврийн хөгжлийн яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эрчим хүчний яам
    • Эрүүл мэндийн яам

    Түүнчлэн Эдийн засаг, хөгжлийн сайд Тэргүүн Шадар сайдын үүргийг давхар гүйцэтгэхээс гадна бүх яамд Дэд сайдгүй болж байгаагаараа онцлог болж байна. Яамдын тооны хувьд одоогийн Засгийн газрын 16 яам хэвээр үлдсэн бөгөөд зарим яамны нэр өөрчлөгдөж, чиг үүргийн шинэ зохицуулалтууд хийгджээ.

    Эрчим хүчний реформд санал нэгдэв

    Хамтарсан Засгийн газарт нэгдэж буй гурван намын дарга нар Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг илүү хурдтай шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах санамж бичигт мөн гарын үсэг зурж, эрчим хүчнээс либералчлалаас эхлээд улс орны хөгжлийн шийдэл болсон томоохон төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэхээ амлав.

    УИХ-д суудалтай улс төрийн гурван хүчин эдийн засагт чухал нөлөөтэй шинэчлэлүүд, тэр дундаа эрчим хүчний салбарт реформ хийхээр бараг анх удаа ийнхүү санал нэгдсэн нь анхаарал татаж байна.

    Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бүх намаас санал авч боловсруулна, улмаар мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ байгуулна. Улс төржөөд шийдлээ гаргаж чаддаггүй байсан том төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

    Эрчим хүчний реформ хийж, үнэ чөлөөлнө гэдэг бол популизмын эсрэг сөрөх "гал барьсан" үйлдэл. Өнгөрсөн хугацаанд үүнийг АН, МАН дангаараа хийж чадаагүй. Тэгвэл одоо УИХ-д суудалтай Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН нам хамтдаа үүнийг хийнэ.

    Татварын дарамтыг бууруулж, бизнес хийхэд улс төрийн намаар ялгаварладаг байдлыг таслан зогсоох шаардлагыг ажил хэрэг болгохын төлөө бид хамтарсан Засгийн газарт ажиллана.

    Импортын эрчим хүчнээс хамааралтайн улмаас үүдэх эрсдэл хэр ноцтой түвшинд хүрснийг өнгөрсөн өвлийн цахилгааны хязгаарлалтууд харуулсан. Ингээд зогсохгүй метро зэрэг хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй. Ямартай ч Эгийн голын болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, говийн бүсэд баригдах нар, салхины станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт татахад эн тэргүүнд анхаарна гэдгээ намын дарга нар онцолж байлаа.

    Мөн эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд тогтмол алдагдалтай ажиллаж буйн нэг шалтгаан болох эдийн засгийн утга агуулгагүй, зардлаасаа хавьгүй доогуур үнэ тарифын асуудлыг шийдэхийн тулд эрчим хүчний либералчлалын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгажээ. Хэдий тийм боловч энэхүү реформ, эрс өөрчлөлтөөс үүдэх "гал" хэр хүчтэй байхыг хэлэхэд эрт байж магадгүй юм. Хямд үнэд дассан хэрэглэгчид, үнийн өсөлт, популизм зэрэг хүчин зүйлүүд реформ хэрэгжүүлэгчдийг сорихоор хүлээж буй.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

     

    Cэтгэгдэл бичих