
Зургийг: Doug Kanter/Bloomberg
Оны эхний таван сарын экспортын дорвитой үзүүлэлт, мөн шинэ дэд бүтцийн сайжруулалтууд жилийн үлдсэн хугацаанд тээвэрлэлтийг улам хөнгөвчлөх төлөвтэйг авч үзвэл Монгол Улс 2024 онд 60 сая тонн нүүрс экспортлох зорилтдоо хүрч чадахаар байгааг “SXCoal” онцолж байна.
Сард 4.3 сая тонн хангалттай
Өнгөрсөн онд Монгол Улс энэ оныхтой ижил хэмжээний экспортын зорилт тавьж, нийт 66.7 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд үүний 99.5 хувийг нь гол түнш БНХАУ-д гаргажээ. Энэ нь хэрэв менежментээ зөв хийж чадвал зорилтоо дахин биелүүлэхэд тээвэрлэлт талаасаа ямар нэг айсуй саад үгүйг харуулж байгааг “SxCoal” шинжилгээндээ дурдсан байна.
Нэгдүгээр сарын нэгнээс тавдугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд Монгол Улс 29.9 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар өссөн үзүүлэлт болохыг гаалийн статистик харуулж байна. Тиймээс VI-XII сарын хугацаанд ойролцоогоор 30.10 сая тонн буюу сард дунджаар 4.3 сая тонныг гаргах хэрэгтэй болж байна. Өнгөрсөн таван сарын хугацаанд сард бараг зургаан сая тонныг, харин өнгөрсөн оны сүүлийн хагаст сард 6.23 сая тонныг дундчилж байснаас харвал дээрх үзүүлэлтэд хүрэхэд хангалттай гэсэн үг юм.
Хятад талаасаа
БНХАУ-ын Төрийн өмчит металлургийн үйлдвэрлэлийн төлөвлөлт, судалгааны хүрээлэнгээс тус улсын гангийн эрэлт энэ онд 1.7 хувиар буурна гэсэн төсөөлөл гаргаад байна. Хэдий тийм боловч БНХАУ-ын нүүрсний эрэлт, ялангуяа дотоодын нийлүүлэлтийн хомсдолын улмаас импортын ихээхэн хамааралтай болсон коксжих нүүрсний эрэлт 2024 онд өндөр хэвээр хадгалагдах төлөвтэй байгаа аж. Зарим албаны хүмүүс 2024 онд Монголоос авах коксжих нүүрс бүр 5-10 хувиар өснө гэж таамаглаж байгааг “SXCoal” онцолсон байна.
Мөн БНХАУ нүүрсний импортын тарифаа сэргээсэнтэй холбоотой болгоомжлол яваандаа арилжээ. Үнийн давуу тал, мөн газарзүйн ойрхон байршилтай холбоотой нийлүүлэлтийн үр ашиг нь Монголын нүүрсийг БНХАУ-ын худалдан авагчдад таатай сонголт хэвээр үлдээсэн нь үүнд нөлөөлснийг тодотгожээ. Оны эхэнд тус улс Монголоос импортлох нүүрсэнд 3-6 хувийн татвар ногдуулсан ч түүнээс хойш хоёр улсын хоорондох түүхий эдийн худалдаа өндөр идэвхтэй хэвээр байгаа юм.
Тээвэрлэлтийг хөнгөвчлөх шинэ дэд бүтцийн төслүүд:
- Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой холбох 6.9 км төмөр замын бүтээн байгуулалт дууссан. Төсөл III улиралд бүрэн ашиглалтад орох хүлээлттэй байна.
- Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох IV сард эхэлсэн ч дуусах хугацаа одоогоор тодорхойгүй байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2022 оны IX сард барьж дуусгасан ч хил холболт дээр гацаад буй.
- Жилд 20 сая тонн нүүрсийг вагон тээвэрт ачих чадалтай Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсон.
Гэхдээ баярлах болоогүй
Нүүрсний экспортын биет хэмжээний хувьд ийнхүү эерэг төлөвтэй байгаа ч үүнд тулгуурлан экспортын орлогын төсөөллөө нэмэгдүүлэх нь учир дутагдалтайг өмнөх дугаараараа хөндсөн. Хэдий биет хэмжээ өссөн ч үнээс хамаараад нүүрсний экспортын орлого оны эхний дөрвөн сарын байдлаар 30 сая ам.доллароор буурсан байна. “Биет хэмжээ нь гадаад худалдааны үзүүлэлт. Төлбөрийн тэнцлийн үзүүлэлт тооцоход биет хэмжээ огт хамаагүй, мөнгөн дүнгээр л бүртгэгдэнэ” хэмээн эдийн засагч Н.Энхбаяр онцолж байв.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com