
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-ын аж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт зэрэг эдийн засгийн чухал дата мэдээллүүд шинжээчдийн хүлээлтээс тааруу үзүүлэлттэй танилцуулагдлаа. Ингэснээр тус улс энэ оны ДНБ-ий 5 хувийн өсөлтийн зорилтдоо хүрэх боломж хязгаарлагдмал болж байгааг шинжээчид онцолж байна.
Үүнтэй зэрэгцэн тус улсад ажилгүйдлийн түвшин 6 сарын дээд цэгтээ хүрч өссөн. Мөн орон сууцны үнэ 2014 оноос хойших дээд хурдаар саарсан зэрэг нь үл хөдлөхийн салбарынх нь уналтыг улам гүнзгийрүүлж буй.
Хятадын Төв банкнаас дефляцтай тэмцэх, мөнгөний бодлогоо зөөлрүүлэх чиглэлд арга хэмжээ авах дохиог зах зээлд өгөөд байгаа. Гэхдээ салбарын мэргэжилтнүүд БНХАУ эдийн засгийн итгэлээ нэмэгдүүлэхэд илүү эрчимтэй бодлогоор дэмжих хэрэгтэйг тодотгосон.
Хятадын эдийн засгийн нөхцөл байдал үнэт цаасны зах зээлд ч нөлөөлсөн дүр зурагтай байна. Тухайлбал, тус улсын Засгийн газрын хамгийн идэвхтэй арилжаалагддаг 10 жилийн хугацаатай бондын өгөөж нь 2.065 хувь болжээ. Энэ нь арилжаа эхэлсэн 2002 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт аж. Мөн “Hang Seng China Enterprises” индекс V сарын дээд түвшнээс 13 хувиар, “CSI 300” индекс 2019 оноос хойших доод түвшиндээ хүрээд байна.