
Зургийг: TMK Energy
“TMK Energy” компани оны эхний гурван сард байгалийн хийн “Гурвантэс 35” төслийг 100 хувь эзэмших интеграцын үйл явцыг амжилттай дуусгаж, мөн “Lucky Fox” туршилтын цооногийн хөтөлбөртөө цуврал тестийн үйл ажиллагаа гүйцэтгэснээ тайлагналаа.
Тайлант хугацаанд Австралийн “Cipher Consulting” компани “Гурвантэс XXXV” төсөлд хараат бус техникийн үнэлгээ хийсэн байна. Үнэлгээгээр тус төсөл нь нүүрсний давхаргын метан хийн дэлхийн түвшний төсөл болоход шаардлагатай бүхий л техникийн шинж чанар нь хангагдсан, өндөр ач холбогдол бүхий их хэмжээний үйлдвэрлэл явуулах боломжтой гэж дүгнэгдсэнийг тайланд онцолсон байна. Мөн зургаан сар үргэлжилсэн туршилтын олборлолтын явцад цооногуудын даралтыг амжилттай бууруулж чадсаныг цуврал тестээр тогтоосноо мэдээлжээ.
Харин энэ онд “Lucky Fox”-ийн туршилтын гурван цооногийн үр дүн дээр суурилан төслийн дараагийн шатанд төвлөрөхөө компани тайландаа дурджээ. Тодруулбал, арилжааны зорилгоор үйлдвэрлэл явуулах хэмжээнд хийн урсгалыг нэмэгдүүлэхийн тулд энэ онд 2-3 үйлдвэрлэлийн цооног нэмж өрөмдөхөөр төлөвлөсөн байна.
Үүнээс гадна тайлант хугацаанд “TMK Energy” шинэ хувьцаа гаргаж, энэ онд төлөвлөсөн хөтөлбөртөө зарцуулах 2.5 сая ам.долларын нэмэлт санхүүжилт татан төвлөрүүлсэн байна.