
Зургийг: С.Батсайхан
Банкны салбар тогтвортой, эерэг үзүүлэлтүүдээр дүүрэн жилийг үджээ. Салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар нэмэгдэж, зээлийн чанар сайжирч, эдийн засгийн салбаруудыг чиглэсэн банкны зээлийн өсөлт үргэлжилсэн байна.
Гэтэл эдийн засгийг төрөлжүүлэх зэвсэг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тулгамддаг гол саад болох санхүүжилтийн зардал, банкны зээлийн өндөр хүүг бууруулах бодлогын хэрэгжилт хангалтгүй байсныг Монголын банкны холбооноос гаргасан Банкны салбарын тойм харууллаа.
Хэрэглээний зээлийн эрсдэл
Бодлогын хүү өндөр түвшин хадгалагдсаныг үл харгалзан банкны салбарын зээл олголт өнгөрсөн онд тасралтгүй өссөн байна. Шинээр олгосон бизнесийн зээл 27 хувиар, иргэдийн зээл олголт 38 хувиар нэмэгджээ. Салбараар авч үзвэл 2022 онд уналттай байсан уул уурхай, боловсруулах салбарын зээл олголт эргэн өсөж, худалдаа, үйлчилгээний салбарын зээл олголт үргэлжлүүлэн өссөн аж.
Харин макро зохистой бодлогод сорилт болдог хэрэглээний зээлийн хэт өсөлт анхаарал хандуулах түвшинд байгааг Монголын банкны холбооноос онцолж байв. 2023 онд банкнууд иргэдэд цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээл түлхүү олгосон бөгөөд тэр дундаа малчдад олгох зээлийн хэмжээ 57 орчим хувиар нэмэгдсэн байна. Хэдийгээр хэрэглээний зээлд өрхийн орлоготой харьцуулсан хязгаарлалт тогтоосон ч банк бус санхүүгийн байгууллагуудад энэ хязгаарлалт байхгүй нь иргэдэд өрийн дарамтын эрсдэлийг нэмэгдүүлж буй аж.
Эдийн засгийн хэмжээ, бусад хөгжиж буй орнуудын санхүүгийн салбарын бүтэцтэй харьцуулахад Монголд үйл ажиллагаа явуулж байгаа банк бус санхүүгийн байгууллагуудын тоо маш их байна гэж "Mongolian Investment Rating Agency"-ийн Хамтран үүсгэн байгуулагч Мохаммед Тажул Ислам ярилцлагадаа онцолж байлаа.
Алдагдсан жилүүд
2020 онд УИХ-аас баталсан Зээлийн хүү бууруулах стратегид 2023 онд зээлийн хүүг сарын нэг хувьд буюу жилийн 12 хувьд хүргэх зорилтыг тусгасан юм. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар зээлийн дундаж хүү 16.7 хувьтай гарсан нь стратегийн хэрэгжилт нэлээд хангалтгүй байсныг харуулж байна.
Монголын банкны холбооны дүгнэснээр 2023 он хүртэлх стратегийн хэрэгжилт 65 хувьтай байснаас "зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро тогтвортой орчныг бүрдүүлэх" зорилт хамгийн бага буюу 56 хувийн хэрэгжилттэй байжээ.
Хадгаламж, зээлийн хүү өндөр хэвээр хадгалагдахад төсвийн хэт тэлэлт, түүнийг дагасан төсвийн алдагдал нөлөөлж байна. Мөн эх үүсвэрийн зардал бууруулж өгөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн ч 2021, 2022 онд Covid-19 цар тахлын түр хуулийн заалт хэрэгжих үед буурч байсан зардал өнгөрсөн онд буцаад 2019 оныхоо түвшинд хүрчээ. Тиймээс энэ онд банкны эх үүсвэрийн зардлыг бууруулах, зээлтэй холбоотой маргааныг шүүхээр зардал багатай шийдвэрлэх, дампуурлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг хийх хэрэгтэйг Монголын банкны холбоо онцоллоо.
2023 оны эцсийн үзүүлэлтүүд 2019 оны эцсийн үзүүлэлтүүдтэй бүх талаараа адилхан байна. Эх үүсвэрийн зардлыг бууруулах заалтуудыг Covid-19 цар тахлын түр хугацаанд хэрэгжих хуульд тусгасан байсан ч суурь хуулиуддаа тэдгээр өөрчлөлтүүдийг оруулаагүй. Банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах ажил мөн л түр хугацаанд хэрэгжсэн байна.
Дашрамд дурдахад, үнэлгээний “Fitch Ratings” агентлагаас Монгол Улсын банкны салбарыг 2024 онд "neutral" түвшинд буюу “Одоогийн түвшнээс муудахгүй ч бас сайжрахгүй” гэж дүгнээд байгаа юм. Энэ онд Монголын банкнуудын чанаргүй зээлийн харьцаа аажмаар буурч, зээлийн өртөг бас үргэлжлэн буурна гэж үзсэн байна.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com