
Зургийг: Rolex
(Bloomberg) -- “Rolex” компани ирэх долоо хоногт Женев хотноо болох “Watches and Wonders” үзэсгэлэн худалдааны үеэр "Rolex Oyster Perpetual Land-Dweller" нэртэй шинэ цагаа худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Тансаг зэрэглэлийн бусад аварга компаниудын нэгэн адил “Rolex” цоо шинэ коллекц танилцуулах нь тун ховор бөгөөд цагны шинэ загвараа бүтээхэд ихэвчлэн 5-7 жил зарцуулдаг тул энэ нь тун онцгой үйл явдал байх юм.
Товчоор "Land-Dweller" гэгдэх тус цаг 40 мм болон 36 мм-ийн нүүртэй, брэндийн нэрийн хуудас болсон алтлаг "Everose", цагаан алтан "Platinum", ган "Rolesor" гэсэн хувилбаруудтайгаар худалдаанд гарах аж. "Rolesor" хувилбарын үнэ 14 мянга 900 ам.доллароос эхлэх бол "Platinum" нь 63 мянга 500 ам.доллар, очир эрдэнэ шигтгээтэй "Everose" нь 88 мянга 300 ам.доллар байхыг мэдээлжээ.
Хөдөлгөөний нарийвчлалын хувьд “Rolex”-ийн өргөн ашигладаг дөрвөн герцийн цохилтын давтамжийг шинэ цагт таван герц болгон нэмэгдүүлснээр доргилт, гаднын нөлөөнд илүү тэсвэртэй болж байгаа аж. Түүнчлэн "Land-Dweller" цагны механизм болон загварт шинээр патент авсан 32 элемент нэвтрүүлжээ.
“Morgan Stanley”-ийн тооцоолсноор “Rolex” компани 2024 онд 1.2 сая ширхэг цаг борлуулж, 11.5 тэрбум ам.доллар орчмын орлоготой ажилласан байна. Энэ нь швейцар цагны нийт зах зээлийн 30 хувийг дангаараа бүрдүүлэх дүн юм.
Chris Rovzar