logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Түүхэнд бүртгэгдсэн хамгийн халуун зун 2024 онд тохиосныг Европын Холбоо мэдээлэв
    Нийтэлсэн огноо: 2024 оны 09 сарын 16 15:01
    1151
    VI-VIII сард дэлхийн агаарын температур түүхэн дунджаас цельсийн 0.69 хэмээр илүү байжээ

    Дэлхийн хойд хагаст түүхэнд бүртгэгдсэн хамгийн халуун зун болж өнгөрснийг Европын холбооны Уур амьсгалын өөрчлөлтийн агентлаг мэдээллээ. Ингэснээр дэлхийн нэг жилийн агаарын дундаж температурын дээд үзүүлэлт дахин шинэчлэгдэж, 2024 он хамгийн халуун жил болж түүхэнд үлдэх магадлал нэмэгдэж байна.

    Европын Холбооны Коперникийн уур амьсгалын өөрчлөлтийн албаны хэмжсэнээр VI сараас VIII сарын хооронд дэлхийн агаарын температур түүхэн дунджаас цельсийн 0.69 хэмээр илүү байсан нь өнгөрсөн оны дээд үзүүлэлтээс давсан байна. Мөн дэлхийн нэг өдрийн дундаж температурын дээд үзүүлэлт энэ зуны хэд хэдэн өдөр эвдэгдсэнийг онцолжээ.

    unnamed (1).jpg

    Уур амьсгалын өөрчлөлт нь хэт халалтын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, мөн ган гачиг, ой хээрийн түймэр, хүчтэй шуурга, үер зэрэг цаг уурын аюултай үзэгдэл тохиох нөхцөлийг бүрдүүлж байна. Сүүлийн 12 сарын хугацаанд дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх дунджаас цельсийн 1.64 хэмээр өндөр байснаас гадна эрдэмтдийн тодорхойлсон манай гараг дээрх бүх амьдралд аюул учруулах босго түвшнээс 1.5 хэмээр илүү байгаа юм.

    Өндөр температур мөн хүний биеийн тэсвэр тэвчээрийг сорьж, концерт, уралдаан тэмцээн, шашны цуглаан зэрэг гадаах үйл ажиллагаанд оролцогчдод аюул учруулж, цаашлаад нас баралт бүртгэгдэх нь ч элбэгшжээ. VI сард Саудын Арабд агаарын температур 52°C хүрэхэд Исламын шашны Хажж мөргөлд оролцож байсан 1,300 гаруй хүн нас барсан юм.

    БНХАУ-ын Цаг уурын газрын мэдээлснээр тус улс анх 1961 онд хэмжилт хийж эхэлснээс хойш бүртгэгдсэн хамгийн халуун зун нь өнгөрсөн зун байжээ. Харин дэлхийн өмнөд хагасын зарим хэсэгт маш зөөлөн, дулаан өвөл болсон бөгөөд Австралид л гэхэд өнгөрсөн VIII сар 1910 оноос хэмжилт хийж эхэлснээс хойших хамгийн дулаан нь байсан аж.

    Cэтгэгдэл бичих