
Сингапурын Ерөнхий сайд Лауренс Вон үндэсний валют хүчтэй байх нь инфляцын эсрэг тэмцэлд хамгийн чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэснээс хойш төд удалгүй сингапур долларын ханш 2014 оны наймдугаар сарын 26-аас хойших дээд цэгтээ хүрсэн юм.
Энэ нь Сингапур иргэдийн хувьд завшаантай хэрэг болж байгааг тансаг аялал жуулчлалын агент Лаурен Рапс онцолж байлаа. “Alchemist Travel”-ийг хамтран үүсгэн байгуулсан тэрбээр үйлчлүүлэгчид нь тус хот-улсаас ойр ойрхон гарч явж, захиалгаа урьдчилан бүтнээр нь төлж байгааг хэлж байв. “Бали, Индонез, Бангкок зэрэг газруудад тэд доллароороо юу хүссэнээ авч, яг л хаан шиг амьдрах боломжтой болсон. Энд бол зоогийн газарт хооллох маш үнэтэй” хэмээж байлаа.
Сингапур улс зээлийн хүү гэхээс илүүтэй валютын ханшийг мөнгөний бодлогын гол хөшүүрэг болгон ашиглаж буй. Энэ хүрээнд сингапур долларын ам.доллартой харьцах ханшийг 1.30-аас хэтрүүлэхгүй тогтворжуулах зорилт тавьжээ.
Сингапурын худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засаг удаашралд орсон нь сингапур долларын ханш чангарахад мөн түлхэц болжээ. Бээжин, Вашингтоны хоорондох худалдааны зөрчил даамжирсан нь ч бас нөлөө үзүүлж байгаа байгаа аж.
Олон Улсын Валютын Сангаас тус улсын инфляц эрчимжих эрсдэл өндөр байгааг анхааруулсан. Тиймээс үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг хүчтэй хэвээр хадгалснаар цаашид инфляцын эсрэг тэмцэлд ашигтай тусах юм.
“Сингапур долларын ханш чангарсан нь тэнцвэржүүлэлтийн нөлөөтэй” гэж Сингапурын Бизнесийн холбооны Гүйцэтгэх захирал Кок Пин Сун хэлж байлаа. Хэдийгээр ханш чангарсан нь инфляцыг тогтоон барьж, эдийн засагт эергээр нөлөөлж байгаа ч хэт чангарвал экспортын бүтээгдэхүүнийн үнийн өрсөлдөх чадварыг бууруулж магадгүйг тэрбээр онцолж байв.
VI,VII сард Сингапурын бизнесийн холбооноос дотоодын 796 компанийн дунд хийсэн судалгаанаас харахад логистик, тээврийн компаниуд, мөн банк, даатгалын компаниуд валютын ханшийн эерэг төлөвт хамгийн сэтгэл хангалуун байгаа нь харагджээ. Харин дотоодын аялал жуулчлал татарвал хохирол амсах салбарууд болох зочид буудал, зоогийн газрууд сөрөг хүлээлттэй байсан байна.
“Зарим жижиглэн худалдаа, хүнс, шингэн хүнсий бизнес эрхлэгчид гол сөрөг нөлөөг нь мэдэрч байна” гэж Сингапурын Makansutra компанийн Үүсгэн байгуулагч КФ Ситох ярьж байлаа.
Олон Сингапурчууд Индонез, Малайз зэрэг амьдралын хэв маяг нь ойролцоо ч өртгийн хувьд илүү хямдхан хөрш улсуудад мөнгөө зарцуулж байгааг тэрбээр онцолсон байна.