
Зургийг: Forcetec Inc.
Япон улс ил байрлуулсан хогийн савгүйгээр хотуудаа цэвэрхэн байлгасаар ирсэн ч өдгөө жуулчдын тоо нэмэгдэж, хог хаягдлын хэмжээ ихэссэн тул “ухаалаг” хогийн савыг сонгож эхэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд л жуулчдын хөлд дарагддаг Осака хотын Дотонбори дүүрэг “SmaGO” хэмээх 20 орчим технологийн дэвшилтэт хогийн савыг байршуулсан байна. Нарны эрчим хүчээр ажилладаг эдгээр хогийн сав дүүрэнгүүт автоматаар мэдэрч, 100 хувь дүүрсэн хогийг 20 хувь болтол нь шахаж нягтаршуулдаг аж. Түүнчлэн хогийн сав нь хог хэр их хуримтлагдаж байгааг хэмждэг ухаалаг гар утасны аппликейшнтэй холбогдон хогийг халихаас нь өмнө үйлчилгээний ажилчдад дохио илгээдэг байна.
1995 онд Токио хотод "Аум Шинрикёо" шашны бүлэглэл хогийн саванд хийсэн хорт хий ашиглан террорист халдлага үйлдсэнээс хойш Японы хэд хэдэн хот олон нийтийн газруудад хогийн сав байршуулахаа больсон юм. Харин одоо томоохон галт тэрэгний буудал зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газруудад л хогийн сав үзэгдэх болжээ.
Өнгөрсөн сард Япон улсад гаднаас ирсэн жуулчдын тоо цар тахлын өмнөх үеэс давсныг тус улс албан ёсоор мэдэгдээд байна. Японы Ерөнхий сайд Фүмио Кишида жуулчдын тоо нэмэгдсэнээс үүдсэн асуудлыг шийдвэрлэхээр багц бодлогоо танилцуулжээ. Энэ дунд жуулчдад бага танигдсан бүс нутгийг сурталчлах зэрэг арга хэмжээнээс гадна ухаалаг хогийн савны татаас ч багтсан аж.
Харин хогны асуудал даамжирч буй нь Япон улсад олон төрлийн гудамжны хоол зарагддагтай холбоотой юм. Жуулчид ихэнхдээ хогоо гэртээ ангилан хаядаг Японы хатуу дүрэм журмыг мэдэхгүйн дээр хогоо халаасалж явахыг хүсдэггүй ажээ.
“Япончуудын хувьд хогоо цүнхлээд гэртээ аваачиж хаях нь энгийн дадал” хэмээн “Forcetec” компанийг байгуулсан, серфингийн тамирчин Такемура хэлж байлаа. Тэрбээр далайд их хэмжээний хог хаягдал байхыг анзаарч компаниа байгуулахаар шийджээ. Түүний байгуулсан компани “Bigbelly” хэмээх АНУ-ын Массчусетс мужид төвтэй хогны менежментийн компаниас хогийн саваа импортолдог аж. “Bigbelly” компани ухаалаг хогийн саваа бараг 20 жилийн өмнө Колорадо мужид нэвтрүүлж байжээ. 2015 онд тус компани Нью-Йоркийн Манхэттен дүүрэгт “Wi-Fi”-тай хогийн сав туршсан байна. Такемурагийн өгүүлснээр Япон улс анхандаа ухаалаг хогийн савыг ашиглахаас татгалзаж байсан гэнэ. Харин 2020 онд Омотесандо худалдааны гудамжинд хогийн саваа байрлуулах зөвшөөрөл авсан нь томоохон алхам болжээ.
Одоогоор Киото хотын Арашияма хулсан төглөөс эхлээд жуулчдын аялдаг гол бүсүүдэд 200 гаруй ухаалаг хогийн сав байршуулаад байна. Тэр ч бүү хэл “SmaGO” хогийн саван дээр гадаадын жуулчдад ойлгогдохоор олон хэл дээр зааварчилгаа бичжээ.
Тайбэй, Сөүл зэрэг Азийн бусад хотууд ч гудамжаа цэвэрхэн байлгахын тулд хогийн савгүй болсон юм. Харин нэг удаагийн аяганууд гудамжинд хөглөрөх болсноор БНСУ-ын нийслэл ирэх жилүүдэд хэдэн мянган хогийн сав байрлуулахаа саяхан зарлаад байна.
Хүрээлэн буй орчны нийгэм судлалд мэргэшсэн Токиогийн Технологийн институтийн дэд профессор Фүмитаке Такахаши давхар “SmartGO” хогийн савны цуглуулсан дата мэдээллээс олон нийтийн хог хаях зан үйлийг судалдаг. Тэрбээр гудамжинд замбараагүй, бохир хогийн сав байх нь хүмүүст хогоо нэмж хаях сэдлийг төрүүлдэг гэдгийг тайлбарлахдаа хагархай цонхны онолыг жишээ татсан юм.
“Хогоо ангилах бол төвөгтэй ажил. Харин дизайны шийдлээр хүмүүст тэрхүү төвөгтэй ажлыг хялбарчлахад нь тус болж болох аж. Тиймээс бид хамгийн сайн дизайн болон хогийн савны хамгийн тохиромжтой байршлыг судлах ёстой ” хэмээн тэрбээр онцолж байлаа.
Японы “Biprogy” технологийн компанийн венчур хөрөнгө оруулалтын нэгж болох “Emellience Partners” компанийн хувьд ухаалаг хогийн савыг Японд өсөлттэй байх салбар гэж үзэн “Forcetec” компанид хоёр тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулжээ.
“Энэхүү шийдэл ихээхэн үр дүнд хүрнэ гэж харж байна. Хамтран ажиллаж эхэлснээс хойш орон нутгийн захиргаанаас бидэнд урьдынхаас хоёр дахин их хүсэлт ирлээ” хэмээн “Emellience Partners”-ийн Гүйцэтгэх захирал Шинсүкэ Чиба онцолж байна.