
Houston Cofield/Bloomberg
Berkshire Hathaway компани Японы худалдааны фирмүүдэд эзэмшдэг хувиа нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө зарласнаар Mitsubishi, Marubeni тэргүүтэй тус салбарын компаниудын хувьцаа Мягмар гарагт огцом өсжээ.
Тухайлбал Mitsubishi-ийн хувьцаа 15 цагийн байдлаар 9.2 хувийн өсөлттэй байгаа нь он гарснаас хойших хамгийн өндөр дүн аж. Харин Marubeni-ийн хувьцаа 8 хувиар, Mitsui, Itochu, Sumitomo компаниудын хувьцаа бүгд VIII сараас хойших хамгийн огцом дүнгээр өсөөд байна.
Уоррен Баффетын конгломерат "сого шёша" хэмээн Япондоо танигдсан эдгээр компаниудад хөрөнгө оруулж эхэлснээ анх 2020 онд зарлаж байлаа. Berkshire эхэндээ компани тус бүрд эзэмших хувь хэмжээгээ 10 хувиас хэтрүүлэхгүй байхаар тохиролцож байсан ч саяхан компаниуд хувь эзэмшлийн таазыг "тодорхой хэмжээнд" дээшлүүлэхээр зөвшөөрсөн болохыг Уоррен Баффет II сарын 22-нд хөрөнгө оруулагчдадаа илгээсэн захидалдаа мэдээлжээ.
У.Баффет Японы худалдааны фирмүүдийг ногдол ашгаа зохих үед нь нэмэгдүүлдэг, зөв цагт хувьцаагаа эргүүлэн худалдан авдаг, АНУ-ын компаниудын адил удирдлагуудынхаа цалинг эрчимтэй нэмдэггүйг нь захидалдаа онцлон магтсан байна.
Газрын тос, байгалийн хий, загасны мах, цахилгаан бараа гээд бүхий л бүтээгдэхүүний үндэстэн дамнасан худалдааны бизнес эрхэлдэг тэдгээр компаниудын хувьцаа У.Баффет хөрөнгө оруулж эхэлснээс хойш өсөлтөөрөө Японы Nikkei 225 индексийг даваад байгаа. "Худалдааны фирмүүдийн хувьцаа өдгөө оргил түвшнээсээ нэлээн доогуур үнээр арилжаалагдаж байна. Тиймээс Баффет үүнийг худалдан авалтаа нэмэгдүүлэх боломж гэж харсан байх" хэмээн IwaiCosmo Securities-ийн шинжээч Нориказү Шимизү Bloomberg-т ярьжээ.