
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын хоёр дахь том ган үйлдвэрлэгчийн биржид бүртгэлтэй охин компани “Angang Steel” өнгөрсөн онд бараг нэг тэрбум ам.долларын алдагдал хүлээснээ тайлагналаа. Гангийн эрэлт агшиж, үнэ шалдаа буусан одоогийн хүнд мөчлөг тус салбарын үйлдвэрлэгчдийн ашигт ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг энэ нь харуулав. 2023 онд 3.3 тэрбум юаниар хэмжигдэж байсан тус компанийн цэвэр алдагдал өнгөрсөн онд хоёр дахин өсөж, 7.1 тэрбум юань буюу981 сая ам.доллар хүрчээ.
Гол эрэлтийг нь хангадаг үл хөдлөх хөрөнгийн зах зээл гүнзгий хямралд орсноор БНХАУ-ын гангийн салбарын 20-иод жил үргэлжилсэн өсөлтийн мөчлөг дуусгавар болоод байна.
2025 оны эхний хоёр сард тус салбарын ашгийн үзүүлэлт үргэлжлэн суларч, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн шинэ талбарууд бүтээн байгуулалтын удаашралыг хараахан нөхөж чадаагүй байна. Хэдий тийм боловч гангийн компаниудын үйлдвэрлэл өндөр хэвээр байж, өнгөрсөн онд дахин нэг тэрбум тонн давсан ган үйлдвэрлэжээ.
Хүчин чадлын илүүдлийн асуудлыг шийдэхийн тулд БНХАУ-ын Засгийн газар гангийн гарцыг танах арга хэмжээ авахаа зарлаад байна. Олон улсын протекционист худалдааны бодлого гангийн салбарт энэ онд том эрсдэл болох төлөвтэй байгаа аж. АНУ-аас эхлээд Вьетнам, Энэтхэг зэрэг улс дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд хямд үнэтэй БНХАУ-ын гангийн импортод тариф тогтоосноор тус улсын үйлдвэрлэгчдэд илүүдэл нийлүүлэлтээ шингээх орон зай улам хумигдах юм.
Katharine Gemmell