
Зургийг: Amir Hamja/Bloomberg
“Генератив хиймэл оюун эцэстээ бүхий л салбарт ажлын цагийн 40 хувийг чөлөөлөх боломжтой. Ингэснээр ажилтнууд өөр бусад зүйлд төвлөрөх боломж бий болно” хэмээн “Accenture”-ийн Европ дахь технологи хариуцсан захирал Ян Виллем Ван Ден Бремен онцоллоо.
Тэрбээр Барселон хотод болсон “Workday” чуулга уулзалтын үеэр ийнхүү онцолсон бөгөөд технологийн хөгжил дэвшлээс үүдэн компаниуд ажилтнууддаа өгөх үүрэг даалгавраа дахин эргэцүүлэхэд хүрч байна гэсэн юм. Тухайлбал: программистууд өөрсдөө программ зохиохын оронд хиймэл оюуны хөгжүүлсэн программууд дээр магадалгаа хийж болох аж.
Өнгөрсөн зургаадугаар сард “Accenture” компани хиймэл оюуны технологийн ажилтныхаа тоог хоёр дахин нэмэгдүүлж, 80 мянга хүргэх, мөн ирэх гурван жилд Дата ба Хиймэл оюуны ашиглалтад гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгаагаа зарлаж байсан юм. Энэ нь технологийн дэвшлийг нэвтрүүлэх шинэ стратеги төлөвлөгөө гаргахад нь компаниудад туслах зорилготой аж. Түүнчлэн энгийн зааварчилгааны дагуу дүрсэн болон текст үүсгэдэг генератив хиймэл оюуныг хэрэглэгчид бүрэн дүүрэн ашигладаг болоход дийлэнх хөрөнгө оруулалтаа зориулахаар болжээ.
“Accenture” компанийн хувьд зах зээлд хэрэгцээтэй ур чадварыг хэдийн хиймэл оюунаар тодорхойлдог болсон байна. Мөн одоо байгаа ажилтнуудаа шинэ ажил үүрэгт томилоход хиймэл оюуныг ашиглаж байгаа талаар Ван Ден Бремен онцолж байлаа.
“Шинээр бий болох ажлын байрнуудад бэлэн байх үүднээс бид ажилтнуудаа өөр ажил үүрэг рүү шилжүүлж, илүү чадварлаг ажилтнуудаар багаа бүрдүүлж байна” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.