logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    МАА ба шийдэл: Үнэ цэний сүлжээ бий болгох төвүүдээс бүрдсэн суурин газрын шаталсан тогтолцоо гэж юу вэ?
    Нийтэлсэн огноо: 2023 оны 12 сарын 25 09:28
    288

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Орон нутаг дахь хүн амын төвлөрөл голчлон мал аж ахуйгаас шалтгаалсан хэвээр байна

    Азийн Хөгжлийн Банкнаас гаргасан “Монгол Улсын хүн амын суурьшил” шинэ судалгаанд хот, хөдөөгийн хөгжил, дэд бүтцийн тэнцвэргүй байдлыг шийдэх бүсчилсэн хөгжлийн сонирхолтой загварыг санал болгожээ.

    НЭГ ХОТТОЙ УЛС

    Улаанбаатар хотод нийт хүн амынх нь тал хувь төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 63 хувийг бүрдүүлдэг гэдгээрээ Монгол Улсыг “нэг хоттой улс” гэж тодорхойлж болно. Хоёр дахь том хот болох Эрдэнэт нь Улаанбаатараас бараг 15 дахин жижиг байх жишээтэй. Харин аймгийн төвүүд дэх дэд бүтцийн хомсдол нь хэдий байнга яригддаг сэдэв боловч аж үйлдвэр, үйлчилгээний салбар зэрэг хотын эдийн засгийн өнөөгийн сул дорой байдал төдийлөн хөндөгдөхгүй байгааг Азийн Хөгжлийн Банкны судалгаанд онцолсон байна.

    Тэр дундаа аймгийн төвүүд дэд бүтцийн хувьд өрсөлдөх чадваргүй, хөдөөгийн бүс нутгийг дэмжих эдийн засгийн зангилаа цэгийн ач холбогдлоо алдсан гэжээ.

    unnamed.jpg

    Сумын төвүүд ч гэсэн мал аж ахуйг дэмжих үндсэн чиг үүргээ алдсаныг өдгөө сумын захиргаанд бэлчээрийн менежментийг хариуцсан ганцхан хүн ажиллаж буй жишээ аван онцолсон байна.

    Орон нутагт эдийн засгийн гол сектор хэвээр байгаа мал аж ахуй хямралд орж, зохицуулалтгүй бөгөөд эмзэг эдийн засаг болж хувирчээ. Бэлчээрийн доройтлын шалтгаан болох малын тоо толгойн хяналтгүй өсөлт нь үүний томоохон хэсэг. Иймд малчдын орлогыг нь бууруулахгүй байдлаар малын тоо толгойг багасгаж, нэгж үнэ цэнийг өсгөх нь нэн шаардлагатай гэж үзсэн байна.

    ҮҮНИЙГ ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ?

    Орон нутаг дахь хүн амын төвлөрөл голчлон мал аж ахуйгаас шалтгаалсан хэвээр байна. Иймд мал аж ахуйн салбарын үр дүнтэй ажиллагааг хангаж, үнэ цэний сүлжээ бий болгох тодорхой үүрэг бүхий төвүүдээс бүрдсэн суурин газрын шаталсан тогтолцоог үүсгэх нь Азийн Хөгжлийн Банкны судалгааны гол дэвшүүлсэн санаа юм.

    Өнөөдөр Монголд мах, ноос ноолуур, арьс шир гэсэн мал аж ахуйн гурван томоохон үнэ цэний сүлжээ бий. Ноолуураар жишээ авбал ангилахаас эхлээд нэхэх, сүлжих хүртэл дийлэнх үе шатууд нь Улаанбаатарт явагдаж байна. Азийн Хөгжлийн Банкны үзэж буйгаар аймаг ба сумын төвүүдэд илүү их үйл ажиллагаа явагдах ёстой аж. Тухайлбал: ноолуурыг урьдчилан ангилах, зэрэглэл тогтоох ажлыг зарим сумын төвүүдэд, харин цэвэрлэх, ангилах үйл явцыг аймгийн төвүүдэд хийх боломжтой.

    unnamed (1).jpg

    Судалгаанд санал болгосон шинэ тогтолцоонд бүх аймаг, сумдыг одоогийн чиг үүрэг, эдийн засгийн боломжид нь үндэслэн хамруулсан бөгөөд дараах таван түвшинд ангилан эрэмбэлжээ.

    Төрөл A. Хайпер-метрополис: Улаанбаатар хот

    Төрөл B. Метрополис: Бүс нутагтаа эдийн засаг, улс төр, соёлын томоохон төв болох хотууд. Хөдөө орон нутгаас бүрэн хамааралгүй хөгжсөн Дархан, Эрдэнэт хотыг энэ ангилалд багтаажээ.

    Төрөл C. Тулгуур хотууд: Тойрсон хөдөө орон нутгийн бүсүүдэд үйлчилгээ үзүүлэх төвүүд буюу аймгийн төв

    Төрөл D. Нэг чиг үүрэгт хотууд: Уурхай, аялал жуулчлалын бүс, хилийн боомт зэрэг дотоодын нөөцийг түшиглэн оршин тогтнох хотууд

    Төрөл E. Сум дундын төвүүд: Төрийн үйлчилгээг өндөр түвшинд хүргэх, хөдөө аж ахуйн урьдчилсан боловсруулалтыг дэмжих сумын төвүүд

    Төрөл F. Орон нутгийн суурин: Захиргаа, дунд боловсрол, эрүүл мэндийн наад захын үйлчилгээг хүргэх бусад сумын төвүүд

    Cэтгэгдэл бичих