logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    АНУ, БНХАУ-ын худалдааны хүчирхэг түнш болсон Вьетнамд гадаадын хөрөнгө оруулалт 48.6% өсжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 25 10:27
    411

    Linh Pham/Bloomberg

    АНУ, БНХАУ-ын худалдааны эхний дайн компаниудыг үйлдвэрлэлээ Хятадаас өөр газар шилжүүлэхэд хүргэсний ачаар Вьетнам улс гадаадаас татах хөрөнгө оруулалтаа эрс нэмэгдүүлж, өдгөө бүс нутаг дахь гэрээт үйлдвэрлэлийн хүчирхэг гүрэн болоод байна. Харин Дональд Трампын хоёр дахь тарифын дайнд өртөх орнууд зөвхөн Хятадаар тогтохгүй болсноор Вьетнам улс болзошгүй хүндрэлийг уян хатан бодлогоор давж гарах хэрэгтэй боллоо.

    Худалдааны халуун цэг

    Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны худалдааны гол түншүүдийн тэргүүн эгнээнд Вьетнам улс бичигддэг болжээ. Өнгөрсөн онд тус улс Японыг гүйцэж, анх удаагаа БНХАУ-ын экспортын гурав дахь том түнш орон нь болсон байна. 2024 онд Хятадын Вьетнамд хийсэн экспортын үнийн дүн бараг 18 хувиар өсөж, 162 тэрбум ам.долларт хүрснийг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар I сард мэдээлжээ.

    Үүний хөдөлгөгч хүч нь дээр дурдсан гэрээт үйлдвэрлэл юм. Цахилгаан бараа үйлдвэрлэгчид эд ангиа Хятадаас Вьетнам руу импортлон авч, тэндээ бүтээгдэхүүнээ угсраад АНУ болон бусад улсууд руу гаргах нь хэдий өртөг өндөр ч худалдааны эрсдэлээс зайлсхийх гол сонголт болсон байна.

    423334119.jpg

    Вьетнамд бэлэн болсон бүтээгдэхүүний дийлэнх нь Америк руу тээвэрлэгддэг тул тус улсын АНУ-тай хийх худалдааны тэнцлийн ашиг өнгөрсөн онд 123.5 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд түвшиндээ хүрсэн байна. Гэхдээ нөгөө талдаа АНУ-ын хувьд Хятад, Мексикийн дараа гуравдугаарт орох өндөр алдагдал хүлээдэг худалдааны түнш нь Вьетнам болж байгаа тул Дональд Трампын овоо хараанд өртөх өндөр эрсдэл дагуулж байна.

    Тиймдээ ч Вьетнамын удирдагчид сүүлийн саруудад Трампын засаг захиргааг “аргадах” арга хэмжээ авч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, шингэрүүлсэн байгалийн хий, агаарын хөлөг зэрэг Америк бүтээгдэхүүний худалдан авалтаа нэмэгдүүлэхээ амлаад буй. Тус улс зах зээлээ АНУ-д нээхэд бэлэн, мөн шинэ эрчим хүчний төслүүд, газрын тос, уул уурхайн салбарт Америкийн хөрөнгө оруулагчдыг таатай хүлээн авахаа Вьетнамын Үйлдвэрлэл, худалдааны сайд энэ сард болсон хоёр талын уулзалтын үеэр онцолжээ.

    Үлгэр жишээ ГШХО

    Хиймэл оюуны тэсрэлт, мөн АНУ-ын дэвшилтэт чипийн экспортдоо тавьсан хориг Вьетнамд гадаадын хөрөнгө оруулалт цойлох эхлэлийг тавьсан юм. Samsung Electronics, Luxshare, Hon Hai Precision Industry зэрэг гэрээт үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд Вьетнамд тэрбум тэрбумын хөрөнгө цутгаж, Airpods, Macbook зэрэг бүтээгдэхүүнүүдийг угсрах болоод байгаа. Өнгөрсөн онд л гэхэд Hon Hai компани Вьетнам дахь салбартаа Nvidia-ийн хиймэл оюуны график карт угсарч эхэлжээ.

    423343885.jpg

    Энэ оны I сард Вьетнамд шинээр орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүн 4.3 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 48.6 хувиар өссөнийг Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын яам нь мэдээлж байв. Тайлант хугацаанд тус улс 1.29 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 282 шинэ төсөлд зөвшөөрөл олгосон аж.

    IV улиралд Вьетнамын эдийн засаг 7.55 хувиар өсөж, бүтэн жилийн өсөлт нь 7.09 хувьд хүрсэн нь Засгийн газрын зорилт болоод эдийн засагчдын төсөөллийг давсан үзүүлэлт болсон байна. Вьетнамын Ерөнхий сайд энэ оны өсөлтийн зорилтоо 8 хувьд тогтоогоод байгаа ч эдийн засаг нь худалдаанаас асар өндөр хамааралтай, экспорт нь ДНБ-ийхээ 90 гаруй хувьтай дүйцдэг тул Трампын засаг захиргааны бодлогоос хамааралтай үнийн дарамт, сорилттой тулгарах магадлал өндөр байна.

    Cэтгэгдэл бичих