
Зургийг: tmkenergy.com.au
Монголын говьд нүүрсний давхаргын метан хийн төсөл хэрэгжүүлж буй “TMK Energy” компани байгаль орчны менежментийн нэн чухал төлөвлөгөөгөө Байгаль орчин, Аялал жуулчлалын яамаар батлуулжээ. Ингэснээр тус компанийн хайгуулын үйл ажиллагаанд тулгараад байсан саадууд арилж, “Гурвантэс XXXV” төслөө эрчимжүүлэх боломж нээгдсэнийг “The West Australian” онцолсон байна.
Ногоон гэрэл
Олон сар үргэлжилсэн зөвшилцөх явц, яриа хэлэлцээрийн эцэст тус компанийн төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний төлөвлөгөө батлагдсан байна. Дээрх зөвшөөрлийг авснаар одоогоор тогтоогдоод байгаа 34 гаруй тэрбум метр куб нөөцийг хөгжүүлэлтийн дараагийн шатанд гаргах, хайгуулын өрөмдлөг, үнэлгээний ажлыг илүү өргөн хүрээнд гүйцэтгэх боломж олгох түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байгааг тус компанийн удирдлагын зүгээс мэдээлжээ. Тодруулбал: “TMK Energy” компани ирэх таван жилийн хугацаанд үйлдвэрлэлийн 45 цооног, хайгуулын 95 цооног шинээр өрөмдөх боломжтой болж байгаа аж. Мөн үйлдвэрлэлийн нэмэлт цооногуудыг ирэх наймдугаар сараас эхлэн өрөмдөх хүлээлттэй байгааг онцолсон байна.
Тус компанийн одоогийн эн тэргүүний зорилт нь цооногийн даралтыг бууруулах ажлыг эрчимжүүлэх, мөн гадарга руу чиглэсэн хийн урсгал ойрын болон дунд хугацаандаа эдийн засгийн хувьд үр ашигтай түвшинд хүрэх боломжтойг харуулах болохыг тодотгожээ.
Ач холбогдол ба боломж
Төслийн хайгуулын талбай нь 8400 км.кв хэмжээтэй газар нутгийг хамардаг ч боломжит нөөц бүхий талбай нь ердөө 60 км.кв гэж тооцоологдсон байна. Одоогийн байдлаар “TMK Energy” компани “Нарийнсухайт” талбайдаа “Lucky Fox-1, 2, 3” үйлдвэрлэлийн цооногуудаас бүрдсэн туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж буй.
Өнгөрсөн онд тус компани “Гурвантэс XXXV” төслийн үлдсэн 33 хувийг “Talon Energy” компаниас авснаар төслийг 100 хувь эзэмшиж эхэлсэн юм. Мөн саяхан Австралийн “Cipher Consulting” компанийн хийсэн хараат бус техникийн үнэлгээгээр тус төсөл нь нүүрсний давхаргын метан хийн дэлхийн түвшний төсөл болоход шаардлагатай бүхий л техникийн шинж чанар нь хангагдсан, их хэмжээний үйлдвэрлэл явуулах боломжтой гэж дүгнэгджээ.
Өргөн хүрээнд авч үзвэл Монгол Улсад эрчим хүчний аюулгүй, найдвартай, бие даасан байдлын хувьд хэд хэдэн асуудлууд байгаа. Урт хугацаандаа байгалийн хий эдгээр асуудлыг шийдвэрлэхэд томоохон үүрэг гүйцэтгэх болов уу. “TMK Energy” тэрхүү шийдлийнх нь нэгээхэн хэсэг байхыг зорьж байна.
Хамгийн цэвэр шатах түлшинд тооцогддог метан хий түүхий нүүрсний хэрэглээг орлохоос гадна олборлож байгаа газарт нь цахилгаан станц барих, эсвэл шингэрүүлсэн хий хэлбэрээр ашиглавал бүр ч том давуу талтайг мэргэжилтнүүд хэлдэг.
“TMK Energy” компани ийнхүү 45 цооног нэмж өрөмдөх зөвшөөрөл авснаар 2025, 2026 онд хөгжүүлэлтийн хөтөлбөрөө эрчимжүүлж, метан хий олборлон арилжаалах, эсвэл ойролцоох бүсийн эрчим хүчний хэрэгцээнд нийлүүлэх сонголт нээгдэж буйг компанийн Гүйцэтгэх захирал Брендан Статс онцолжээ.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com