logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Унаагаа шинэчлэх үү, хөрөнгө оруулах уу? #2: 10,000 ам.доллароо өсгөх хувилбарууд
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 20 10:00
    881

    Зургийг: Illustration: Chris Harnan

    Чиглэл нь тодорхойгүй өнөөгийн зах зээлд 10,000 ам.доллароо өсгөх боломжууд хаана байж болох вэ

    Эдийн засгийн тодорхойгүй төлөв нэмэгдэх тусам өнөөгийн зах зээлд зүг чигээ олоход улам хэцүү болж байна. Хэдийгээр сүүлийн үеийн эдийн засгийн үзүүлэлтүүд төсөөллөөс сайн байгаа ч төсвөөс үүдэлтэй айсуй хүндрэл, мөн уналтаас чанга газардах, геополитикийн зөрчил газар авах эрсдэлүүд өндөр хэвээр.

    Иймд хэрэв та 10,000 ам.доллартой бол түүнийгээ өсгөх, өгөөж хүртэх ямар боломжууд хаана байгаа талаар хашир туршлагатай мөнгөний менежерүүд юу гэж зөвлөснийг хүргэж байна.

    unnamed (1).jpg

    ХАМГААЛАЛТАА БҮҮ АЛД

    Гол санаа: АНУ-ын бодлогын хүүгийн өсөлт завсарлаж, инфляц саарснаар өөдрөг төсөөлөл нэмэгдсэн ч эдийн засгийн уналтын дохионууд олширч байна. Энэ нь хамгаалалтын хөрөнгө оруулалтыг илүүд үзэх хандлагыг хэвээр хадгална.

    Стратеги: Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгийн өсгөлтөө завсарлахтай зэрэгцэн АНУ-ын Засгийн газрын бондуудын хүү тав орчим хувьд хэлбэлзэж, сайн ч өгөөж хүртээж байна. Хувьцааны зах зээлд цэвэр эрчим хүчний компаниудын хувьцаа төдийлөн сонирхол татахгүй байгаа ч эрчим хүчний шилжилт мэдээж зогсохгүй тул цаашид бондуудын өгөөж суларснаар энэ салбарын хувьцаануудын өсөлтөд түлхэц болох боломжтой. Түүнчлэн үйлдвэрлэлийн салбарын чанартай хувьцаанууд одоо харьцангуй хямд байгааг анхаарах хэрэгтэй. Засгийн газрууд болон компаниуд батлан хамгаалах салбар, Украины сэргээн босголт зэрэгт зарцуулалтаа нэмэгдүүлж, мөн хүлэмжийн хийн ялгаралгүй ирээдүйг чиглэсэн замыг дардан болгоход шаардлагатай бүхий л дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимжихээр байна.

    Том зургаараа: Эдийн засгийн тэргүүн шугамд дөрвөн зүйл анхаарал татаж байна. АНУ-ын хөдөлмөрийн зах зээл хөрж, мөн тус улсад дефолт болон дампуурал олширч, орон сууцны зах зээл суларч, хувьцааны үнэ бага түвшинд хадгалагдаж байна. Эдгээр хүчин зүйлс нийлээд 2024 онд эдийн засгийн үйл ажиллагаа алгуур удаашрах дохиог өгөх боллоо.

    unnamed (2).jpg

    ТАРААН БАЙРШУУЛАХ ЦАГ

    Гол санаа: Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд богино болон дунд хугацааны хөрөнгө оруулалтын санаануудыг товчхоноор дурдвал, дотоодын болон олон улсын хөрөнгө оруулалтын боломжуудыг хослуулсан хэд хэдэн салбарт анхаарлаа төвлөрүүлбэл амжилттай байх болов уу. Эдгээр салбарууд нь тогтвортой байдал, өсөлтийн боломж, ба хөрөнгө оруулалтын төрөлжүүлэлт буюу тараан байршуулалт хийж буйгаараа давуу талтай.

    Стратеги: Эрсдэл багатай, тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох бондыг заавал хөрөнгө оруулалтын багцынхаа нэг хэсэг болгох нь зүйтэй. Тухайлбал: олон улсын зах зээл дэх Монголын компаниудын ам.долларын бондуудад (“Mongolian Mining Corporation”-ийн бонд - 13.83 хувь), эсвэл дотоодын зах зээл дэх нээлттэй бондуудад хөрөнгө оруулах, мөн Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг худалдан авах боломжтой. Ингэснээр хөрөнгө оруулагч нь өөрийн мэдлэг, мэргэжил, боловсрол, цаг заваас үл хамаарч мэргэжлийн хүмүүсээр дамжуулан хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэх боломжтой болох юм.

    Харин дунд хугацаандаа дэлхий даяар хурдацтай хөгжиж буй технологийн салбарт, ялангуяа финтек, хиймэл оюун ба блокчейн технологийн компаниудад хөрөнгө оруулах хэрэгтэй болов уу. Монгол Улсын тухайд уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа махны экспортын салбар нь ашигтай байна гэж таамаглаж байна.

    Мөн олон улсын зах зээлд хөрөнгө оруулах нь эрсдэлийг тэнцвэржүүлэх, тараах зөв стратеги юм. Үүнд гадаадын компаниудын хувьцаанд хөрөнгө оруулалт хийхээс гадна биржээр арилжаалагддаг сангууд (ETF), индекс зэрэг олон төрлийн хэрэгслүүд багтана.

    Том зургаараа: Дотоодын болон олон улсын зээлд зах зээлд хөрөнгө оруулалт хийх нь хөрөнгө оруулалтын төрөлжүүлэлтийг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулах юм. Монголын компаниудын бондууд харьцангуй өндөр өгөөжтэй байгаа тул хөрөнгө оруулагчид багцдаа бондыг оруулахаас гадна өгөөж өндөр салбар болох технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь зөв хослол байх болов уу.

    unnamed (3).jpg

    БҮГДИЙГ НЬ СОНГО

    Гол санаа: Хөрөнгө оруулалтад зарцуулах 10 мянган ам.доллартой хүн хувьцаа, бондоос бүрдсэн уламжлалт багцыг аль хэдийн бүрдүүлсэн гэж үзвэл аль болох олон хэрэгсэлд хөрөнгө оруулж, төрөлжүүлэлтээ сайжруулах замаар хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх хэрэгтэй гэж зөвлөнө. 2020 оноос хойш өгөөжийн түвшин нь эерэг хадгалагдаж буй салбарууд, хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн тоо маш багассан. Мөн тэрхүү цөөн хэдэн салбар ба хувьцаа, бондоос бүрдсэн уламжлалт багц хоорондын корреляци ч муугаас дунд түвшинд хадгалагдаж байна. Иймд цөмийн эрчим хүчид ашиглагдах ураны олборлолт нь магадгүй хамгийн сонирхолтой сонголт байх болно.

    Стратеги: Эрчим хүчний ашиглалтыг тойрсон дэлхий нийтийн тархийг гашилгаж буй асуудалд цөмийн эрчим хүч шийдэл болж магадгүй. Шатах түлшний ашиглалт нийгмийн зүгээс ч, улс төрийн зүгээс ч ихээхэн дарамтад ороод байна. Хэдий тийм боловч сэргээгдэх эрчим хүч нь таамаглаж болох ирээдүйд бодит шийдэл болоход хэтэрхий үнэтэй, хэт эмзэг, мөн найдвартай бус гэж бид үзэж байна. Харин мартагдсан хувилбар гэж болох орчин үеийн цөмийн технологи нь онолын хувьд анхааралд өртөхүйц нүүрстөрөгчийн ул мөр үлдээлгүйгээр шатах түлшний хэрэглээг даацтай бууруулж болох сонголт юм.

    Том зургаараа: Цөмийн эрчим хүч, урантай холбоотой хувьцаа болон ETF-үүд 2007-2019 оны хооронд нэлээд зүдэрсэн ч 2020 он гарсаар сэргэн мандалтын үедээ ирээд байна. Тэдгээрийг "бага эрсдэлтэй" гэж хэлж болохгүй ч хувьцаа, бондуудаас хамааралгүйгээр хөдлөх, мөн чамлахааргүй өгөөж хүртээх боломжтойгоо батлан харуулж буй.

    Cэтгэгдэл бичих