Австрали болон Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Xanadu Mines” компани III сарын 31-ээр эцэслэгдсэн улирлын үйл ажиллагааны аудитлагдаагүй тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд "Хармагтай" зэс-алтны төслийн техник эдийн засгийн үндэслэл, ашигт малтмалын хайгуул, дараагийн шатны төслүүд гэсэн компанийн стратегийн гурван гол чиглэлд дорвитой ахиц гарсныг онцолсон байна.
“Хармагтай” төслийн металлургийн судалгаагаар хүдэр дэх металлын агуулга маш өндөр буюу зэсийн металл авалт 98 хүртэлх хувь, алтны металл авалт 95 хүртэлх хувьтай гарсныг тайлагнажээ. Мөн I улиралд хайгуулын өрөмдлөгийн ажлаа дахин эхлүүлж, хяналтын 18 цооног бүхий 3,700 метрийн өрөмдлөг, үйлдвэрлэлийн дөрвөн цооног бүхий 1,350 метрийн гүнтэй өрөмдлөгийг 2024 оны тавдугаар сард дуусгахаар байгааг мэдээлсэн байна.
Харин Xanadu-ийн 100 хувь эзэмшдэг, Дорноговь аймагт байршилтай "Улаан уул" зэс-алтны төслийн хайгуулын ажил 5,000 метрийн алмазан өрөмдлөгөөр дахин эхэлсэн байна.