
Зургийг: ParliamentMN
Засгийн газраас шинээр өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ. Төсвийг алдагдалгүй болгох зарчмын хүрээнд Засгийн газар төсвийн зарлагыг өмнөх өргөн барьсан төслөөс 2.3 их наяд төгрөгөөр бууруулсан гэж мэдэгдэж буй.
- Урсгал зардлыг 700 гаруй тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг 838 тэрбум төгрөг, гадаад зээлийн ашиглалтыг 660 тэрбум төгрөгөөр танав.
- Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувиар бууруулав.
- Бүсчилсэн хөгжлийн 38 шинэ төслөөс 10-ыг нь, мөн хиймэл дагуулын төслийг хойшлуулав.
- Налайх-Тэрэлжийн, Буйр нуурын нисэх буудлын зэрэг авто замын найман төслийг хойшлуулав.
- Төсвийн орлогыг 394 тэрбум төгрөгөөр бууруулсны дотор гаалийн орлого, Нийгмийн даатгалын шимтгэл, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогоос танав.
Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг өмнөх тооцоолол болох найман хувьд хэвээр үлдээсэн бөгөөд төсвийн зарлага, цэвэр зээлийн хэмжээ тус бүр 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 35.2 хувьтай тэнцэж байна. Төрийн албан хаагчийн цалингийн нэмэгдэл, хүүхдийн мөнгө, Эрүүл мэндийн даатгалын сан зэрэг нь бүгд хуулийн заалттай зардлууд учир хөндөлгүй хэвээр үлдээсэн байна. Харин соёлын үзвэр үйлчилгээний ваучер, Төрийн айлчлал, гадаад томилолт зэрэг зардлуудаас хасахын тулд 10-аад хууль өөрчлөлт оруулахаар өргөн барьсан болохыг Сангийн сайд мэдээлсэн юм.
Зарлагыг ийнхүү бууруулсантай уялдуулан Засгийн газар ирэх онд инфляцын түвшнийг 0.3 нэгж хувиар бууруулж, 7.2 хувь байхаар төсвийн хүрээний мэдэгдэлдээ тусгажээ. Харин эдийн засгийн өсөлтийн төсөөллийг найман хувьд хэвээр үлдээсэн байна.
Төсөв, татварын талаар "Bloomberg TV Mongolia"-д хэн юу өгүүлэв?
Төсвийн зарлагаа хумьснаар гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой хуулиудаа шинэчилж, төрийн бүтээмжийг сайжруулах зайлшгүй шаардлага гарна. Мөн төсөвт ачаалал өгч байгаа Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн реформ, Төрийн болон орон нутгийн өмчит хөрөнгүүдийн ашиглалтыг илүү үр бүтээмжтэй болгох зэрэг асуудал бий. Өөрөөр хэлбэл төсөв танаж буй үйл явц нь алдагдалгүй болгох гэхээсээ илүү бодлогын хувьд шинэ зам руу оруулж өгч байна.
Зургаан тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжүүдэд 10 хувийн орлогын албан татвар ногдуулж байгаа нь ачааллын хувьд төдийлөн их биш. Харин аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд уншиж барагдахааргүй их хөнгөлөлт, чөлөөлөлтийн заалтууд байна. Энэ нь нэг талаараа тухайн бизнесийг дэмжих давуу талтай ч нөгөө талдаа шударга өрсөлдөөнийг үгүй хийх болгоомжлол бий.
Урсгал зардлыг танах олон боломж бий. 2022 онд л гэхэд ажилгүйдлийн тэтгэлэгт 100 тэрбум төгрөг өгч байсан. Энэ нь 2019 онд энэ нь ердөө 19 тэрбум төгрөг байх жишээтэй. Энэ бүгдийн учир шалтгаан татвар дээр бууж байна. Монгол Улс 2007 онд ажил эрхлэгчдийн татварыг дөрвөн 10-ын системд шилжүүлсэн нь маш зөв шинэчлэл байсан. Гэтэл 2015 оноос эхлэн татвар өсгөснөөс хойш хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт багасаж, ажиллах хүч идэвхгүй болсон.