logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Дэлхий Хятадгүйгээр урагшилж эхлэв үү?
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 09 10:00
    778

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-д дефляц гүнзгийрч, үүдэх эрсдэл нь ноцтой түвшинд хүрэв

    БНХАУ-ын хэрэглээний үнэ өнгөрсөн сард дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн өндөр дүнгээр унаснаар тус улсын эрх баригчдад сэргэлт нь хэт удааширч, зах зээлийн бүхий л хэсгийг хойш чангааж буй эдийн засгаа дорвитой дэмжих арга хэмжээ авах шахалтыг нэмэгдүүллээ.

    16 сар үргэлжилсэн дефляц

    Нэгдүгээр сард БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 0.8 хувиар буурч, 2009 оны есдүгээр сараас хойших доод цэгтээ хүрснийг тус улсын Үндэсний статистикийн товчоо мэдээлэв. Харин үйлдвэрлэгчийн үнийн индекс нь 2.5 хувиар унаж, 16 дахь сардаа дефляцын бүсэд хадгалагдсан байна.

    Шинэ тоо мэдээлэл нь БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн идэвхийг өдөөж, хөрөнгийн зах зээлийн уналтыг зогсоохын тулд хийх зүйлс олон байгааг харуулж байна. Дотоодын эрэлт нь буурч, хэрэглэгчийн итгэл суларч буйтай зэрэгцэн тус улсад өнгөрсөн жилийн ихэнх хугацаанд үнийн уналт асуудал болоод байв.

    unnamed.jpg

    Гадаадын хөрөнгө оруулагчдын үзүүлэх итгэлд сэв суулгаад буй хөрөнгийн зах зээлийнхээ гурван жил дараалсан уналтыг зогсоохын төлөө БНХАУ-ын эрх баригчид чамлахааргүй олон арга хэмжээ авсан юм. Сүүлд л гэхэд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин тус улсын Үнэт цаасны зохицуулах хорооны даргыг сольсон нь салбарыг доргиосон үйл явдал болжээ.

    “Bloomberg”-ийн Эдийн засагч Эрик Жу “БНХАУ-ын зах зээлд эрэлтийг дэмжиж, итгэлийг сэргээхийн тулд илүү хүчтэй бодлогын арга хэмжээ шаардлагатай. Гол асуулт бол хэр хүчтэй байх вэ гэдэг байна. Түүнчлэн арилжааны банкнууд бага хүүтэй зээл илүү их хэмжээгээр олгох эсэх нь анхаарал татаж байна” гэжээ.

    Дефляцаас үүдэх эрсдэл нэлээн ноцтой байх юм. Хэрэв БНХАУ тэрхүү трендийг даацтай эргүүлж чадахгүй бол иргэдийн дунд үнийн уналт цаашид ч үргэлжилнэ гэсэн хүлээлт бий болж, худалдан авалтаа улам багасгах “чөтгөрийн тойрог”-т орох аюул бий. Энэ нь нийт хэрэглээг ихээхэн багасгаж, бизнесүүд рүү халих боломжтой аж.

    Корреляци алдарсаар

    АНУ-ын технологийн салбарын алтан мөчлөгийг даган дэлхийн хувьцааны зах зээл дээд түвшиндээ ойртож, эрсдэлгүй хөрөнгө оруулалтын хэрэгслүүд сонирхол татах нь багасаад байна. Гэтэл БНХАУ-ын хувьцаанууд энэ нөлөөллөөс ангид байж, эсрэг зүгт хөдөлж байгаа нь 2015 оны тус улсын хөрөнгийн захын хөөсрөлт, 2018 оны АНУ, БНХАУ-ын “Худалдааны дайн”-ы үед ч харагдаагүй тохиолдол аж.

    unnamed (1).jpg

    Корреляци муудсан нь зөвхөн хувьцаагаар хязгаарлагдахгүй аж. Оффшор юань болон “Bloomberg Asia” ам.долларын индекс хоорондын корреляци ердөө дөрвөн сарын өмнө 0.70-аас дээш байсан бол өдгөө 0.47 болж буурчээ.

    “БНХАУ дэлхийн бусад улсаас тусгаарлагдсан мэт байна. Хувьцааны зах зээлд нь гадаад нөлөөлөл бага байгаа нь дэлхийн эдийн засаг Хятадгүйгээр дажгүй байгаатай зарим талаараа холбоотой” хэмээн “Interactive Brokers”-ийн Ахлах стратегич Стив Сосник өгүүлж байв.

    Харин Хятадгүйгээр урагшлах боломжгүй Монголд…

    БНХАУ-тай худалдааны гүнзгий харилцаатай улс орнуудад тус улсын эдийн засгийн удаашрал сөрөг нөлөөлөл дагуулж, ялангуяа Монгол, Индонез, Мьянмар зэрэг бүс нутгийн түүхий эд экспортлогч орнууд эрэлт болон үнэ буурах эрсдэлтэй тулгарч болзошгүйг Дэлхийн банк шинэ тайландаа анхааруулж байв.

    “2023 оны хувьд БНХАУ-ын эдийн засгийг доош татсан зүйл нь хэрэглэгчийн итгэл сул байсантай холбоотой. Сайн зүйл нь гэвэл БНХАУ-д төмрийн хүдэр, нүүрс зэрэг түүхий эдүүдийн эрэлт сүүлийн жилүүдэд тогтвортой байсан. Хэдий тийм боловч хэрэв БНХАУ-ын дотоодын эрэлт энэ онд сул байвал үйлдвэрлэл нь дагаад эрс агших төлөвтэйг анхаарах хэрэгтэй” хэмээн “Bloomberg Economics”-ийн Эдийн засагч Дэвид Цюй ярилцлагадаа онцоллоо.

    Cэтгэгдэл бичих