
Зургийг: Aku Harynen/Bloomberg
Дэлхийн аз жаргалын тайлангийн 2025 оны эрэмбэд Монгол Улс иргэдийнхээ аз жаргалын үнэлэмжээр 147 орноос 77 дугаарт бичигдэж, өмнөх оны эрэмбээ хадгалжээ.
Оксфордын их сургуулийн Аз жаргалын судалгааны төвөөс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээ, “Gallup” байгууллагатай хамтран жил бүр гаргадаг тайланд иргэд амьдралынхаа чанарыг хэрхэн үнэлсэн хариулт дээр үндэслэж, улс орнуудыг аз жаргалын түвшнээр нь эрэмбэлдэг юм. Ингэхдээ улс бүрээс 1000 хүнээс асуулга авч, сүүлийн гурван жилийн дунджаар жигнэн 0-10 хүртэлх оноогоор үнэлдэг байна.
Пүрэв гарагт танилцуулагдсан 2025 оны судалгаанд Монгол Улсын оноо 5.833 байсан нь өмнөх оныхоос ялимгүй дээшилсэн үзүүлэлт боловч эрэмбийн хувьд өмнөх оноос өөрчлөлтгүй байж, Киргиз, Доминикан улсын дараа 77 дугаарт бичигджээ. 10 жилийн өмнө 100-аас хойш жагсаж байсан Монгол Улсын эрэмбэ сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирсан ч 2024 онд эрс доошилж, 61-ээс 77 руу ухарч байлаа. Урт хугацааны ахиц буюу 2005-2010 оны үзүүлэлтээсээ 2022-2024 онд ахисан байдлаар Монгол Улс тэргүүлэгчдийн эгнээнд байгаа юм.
Хэдийгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрчимжсэн ч өсөлтийг хүртээмжтэй, тогтвортой байлгах талд сорилтууд их хэвээр болохыг бодит цалин, авьяас ур чадварын үзүүлэлт, иргэдийн гадаадад шилжих хөдөлгөөний сүүлийн үеийн судалгаанууд харуулсаар байна. Түүнчлэн Дэлхийн Эдийн Засгийн Форум Монгол Улсад ойрын гурван жилд тохиох хамгийн том эрсдэлээр ур чадвартай ажиллах хүчний хомсдолыг нэрлэсэн юм.
Аз жаргалын судалгааны "босоо аварга" Финланд улс 2025 оны эрэмбэд дахин тэргүүлж, найм дахь жилдээ дараалан “Дэлхийн хамгийн аз жаргалтай” орноор тодорчээ. Харин Дани, Исланд, Швед, Нидерланд зэрэг Скандинав, Хойд Европын орнууд эхний таван байрт жагссан байна. Финланд улс олон жил дараалан тус эрэмбэд тэргүүлсний цаана байгаль, итгэлцэл, боловсрол гэсэн гурван хүчин зүйл бий гэж үздэгээ Финландын Ерөнхийлөгч Александр Стубб өнгөрсөн онд онцолж байлаа.
2024 онд анх удаа тус эрэмбийн “Топ 20” орноос мултарч байсан АНУ энэ онд дахин байр хойшилж, 24 дүгээрт бичигдсэн байна. Мөн Их Британи 23 дугаарт орсон нь 2017 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болсон бол ОХУ 66 дугаарт, БНХАУ 68 дугаарт тус тус эрэмбэлэгджээ. Азийн хөгжингүй орнуудаас Япон 55 дугаарт, БНСУ 58 дугаарт байгаа нь мөн анхаарал татаж байна.
Судалгааг гаргагчид энэ оны тайланд иргэд хоорондын итгэлцэл, өгөөмөр сэтгэлд голчлон анхаарч, аз жаргалын үнэлэмжид эдгээр хүчин зүйлс урьдынхаас илүү нөлөөлдөг болсныг онцолжээ.
"Таны гээсэн түрийвчийг бусад хүмүүс олоод буцаан өгнө гэдэгт итгэдэг байх нь хүн амын ерөнхий аз жаргалыг илэрхийлэх том хүчин зүйл болдог" хэмээн тайланд дурдсан байна. Хойд Европын орнууд итгэлцэл, өгөөмөр сэтгэлийн үзүүлэлтээр эрэмбэд мөн л тэргүүлсэн бол Монгол Улс танихгүй хүнд туслах үзүүлэлтээр 132 дугаарт, гээсэн түрийвчийг танихгүй хүн эргүүлэн өгөх магадлалаар 102 дугаарт жагсжээ.