
Зургийг: Bloomberg/Kentaro Tominaga/The Yomiuri Shimbun/AP Images
Гадаах үйл ажиллагаа, тэр дундаа соёл амралтын хүрээлэн дэх тааламжтай байдлыг үгүй хийдэг хамгийн том хүчин зүйлс нь хэт халуун цаг агаар, хүчтэй бороо.
Энэхүү мэдээжийн цаг агаарын нөхцөл байдлын улмаас “Tokyo Disney Resort”-ийг ажиллуулдаг “Oriental Land” компанийн хувьцааны ханш өндөр дүнгээр унажээ. Энэ зун хэт халалтаас гадна ширүүн аадар бороотой өдрүүд олон байснаас паркуудаар үйлчлүүлэх хүмүүсийн тоо цөөрч, тус компанийн хувьцааны ханш он гарсаар 25 хувиар унасан нь “Nikkei 225 Index”-д сүүлээсээ долоодугаарт бичигдэх тааруу үзүүлэлт болсон байна.
Гэтэл долоодугаар сард Японд зочилсон гадаад жуулчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч цаг агаарын байдлаас шалтгаалан тэдний сонголт өөрчлөгджээ.
Дотор орчинд энтертайнмент үйлчилгээ санал болгодог газруудад үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, дагаад тэдгээр компаниудын ашиг орлого, хувьцааны ханш нь ч өсөж байгаа аж. Тэдний нэг нь “Hello Kitty” брэндийг эзэмшдэг “Sanrio” компани.
Алдарт брэндээс сэдэвчилсэн битүү хоёр парк ажиллуулдаг тус компанийн хувьцааны ханш он гарсаар 93 хувиар буюу эрс өсөөд буй. Мөн боулингийн төвүүд, аркаде тоглоомын газрын сүлжээг эзэмшдэг "Round One"-ийн хувьцааны ханш 56 хувиар өссөн байна.
Ихэнх орнуудын нэгэн адил Япон улс энэ жил цаг агаарын хэт халалтад нэрвэгдээд байгаа юм. Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр өнгөрсөн долоодугаар сарын дундаж агаарын хэм 1898 онд анх бүртгэл хийж эхэлснээс хойших хамгийн өндөр нь болжээ. Есдүгээр сараас 11 дүгээр сар хүртэл Япон даяар халуун өдрүүд үргэлжилсээр байх төлөвтэйг тус агентлаг мөн мэдээлсэн байна.
“Нарших эрсдэл үүссэн үед хэрвээ та хүүхэдтэй бол дотор байхыг л сонгоно. Хэт халуун бол гадагш гарахаас аль болох зайлсхийнэ шүү дээ” хэмээн "IwaiCosmo Securities-ийн шинжээч Нориказу Шимизү өгүүлжээ.
“Oriental Land” есдүгээр сараар эцэслэгдэх санхүүгийн жилийн эхний хагаст үйл ажиллагааны орлого нь буурна гэсэн төсөөлөлтэй байна. Халуун цаг агаар, ширүүн бороотой өдрүүд үргэлжилсээр байгаа нь үйлчлүүлэгчид ирэхэд саад болж буйг гол хүчин зүйл гэж тэд үзжээ.
Харин эсрэгээрээ “Sanrio”-ийн үйлчлүүлэгчдийн тоо өсөхөд БНСУ, Тайвань, БНХАУ-ын жуулчдын урсгал голлон нөлөөлжээ. Тус компанийн I улирлын ашиг болон бүтэн жилийн хэтийн төлөв шинжээчдийн төсөөллөөс даваад байгаа аж.