Зургийг: С.Батсайхан
Сул эрэлт, хямдарсан үнэ, алдагдалтай ажиллагаа дэлхийн хамгийн томд тооцогдох БНХАУ-ын гангийн салбарыг хямралын гүн рүү улам түлхсээр байна. Хүндхэн өвөлтэй нүүр тулахаар байгаа тус салбарын сорилтуудын нөлөө эцсийн хэрэглэгчээс анхдагч бүтээгдэхүүний нийлүүлэгч хүртэл зах зээлийг бүхэлд нь хамарч, Монголын коксжих нүүрс экспортлогчдод аль хэдийн цохилт өгч эхэлжээ.
Дараалсан амжилтгүй арилжаанууд
БНХАУ дахь эцсийн хэрэглэгчид хэмнэлтийн горимд шилжсэнээр Монголын коксжих нүүрс олборлогчдод үнээ бууруулах шахалт нэмэгдэж, улмаар Монголын Хөрөнгийн биржид коксжих нүүрсний дуудлага худалдааны идэвх даган буурч, зарим тохиолдолд бүтэлгүйтэж байгааг “SXCoal” онцолжээ. Тухайлбал: “Mongolian Mining Corporation”-ийн 100 хувь эзэмшдэг “Energy Resources” компани есдүгээр сарын гурванд Монголын Хөрөнгийн биржид 19 мянга 200 тонн III ангиллын угаасан коксжих нүүрсээ тонн тутмыг нь 1150 юаниас эхлэн санал болгосон ч худалдан авагч олж чадаагүй байна. Энэ нь тус компани наймдугаар сарын дунд үеэс хойш найман удаагийн арилжаа дараалан дээрх ангиллын нүүрсээ зарж чадаагүй тохиолдол болжээ.
Өнгөрсөн сард тус компани III ангиллын нийт 230.4 мянган тонн нүүрсээ дуудлага худалдаанд оруулсан боловч ердөө 96 мянган тонн нь буюу 41.67 хувь нь амжилттай арилжаалагджээ. Зарагдсан нүүрсний дундаж үнэ тонн нь 1162 юань байсан нь долоодугаар сард 1200 юань байснаас буурсан дүн юм.
Сорилт сунжрах төлөвтэй
Сангийн яам шинэ төсөөлөлдөө энэ онд нүүрсний экспортын биет хэмжээг 78.1 сая тонн хүргэх зорилт тавьж, уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлэх орлого ес орчим их наяд төгрөг хүрнэ гэж тооцоолоод байна. БНХАУ-ын гангийн үйлдвэрүүд хүнд нөхцөл байдлаас сэргэх дохио төдийлөн харагдахгүй байгааг харвал Монголын экспортлогчдод нүүрсний үнийн сорилт он дамнан үргэлжлэх эрсдэл байна.
“SXCoal”-ийн мэдээлснээр Ганцмод боомтод хүргэх нөхцөлтэй Монголын V ангиллын түүхий коксжих нүүрсний үнэ тонн нь 1170-1180 юань орчимд байгаа нь сарын дүнгээр 80-90 юаниар буурсан үзүүлэлт аж. Энэ долоо хоногт гангийн спот үнэ, гангийн бүтээгдэхүүний үнэ дахин унасан нь нүүрсний эцсийн хэрэглэгчдийн худалдан авах идэвхийг улам сулруулсан үйл явдал болжээ. Мөн агуулахын нөөцөө боломжийн түвшинд бүрдүүлээд буй коксын үйлдвэрүүд зөвхөн шаардлагатай тохиолдолд коксжих нүүрс нэмж худалдан авч байгаа аж.
БНХАУ-ын гангийн нийт хэрэглээ цаашид оргил цэгийнхээ 70-80 хувьтай тэнцэх түвшинд буурч, тогтворжих төлөвтэй хэмээн “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид таамагласан байна.