
Зургийг: Bloomberg
БНХАУ-ын хуурай газрын хамгийн том боомт болох Ганцмод боомтод Монголын коксжих нүүрсний арилжааны идэвх сулраад байна. Энэ нь тус улсын эцсийн хэрэглэгчдийн дийлэнх нь хэмнэлтийн горимоор үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой болохыг “SXCoal” онцоллоо.
Монголын V зэрэглэлийн коксжих нүүрсний үнэ урт хугацааны гэрээгээр тонн нь 1300-1330 юанийн хооронд тогтвортой хадгалагдаж байгааг “SXCoal”-ийн мэдээллээс харж болохоор байна.
Худалдан авагчдын дунд ерөнхийдөө "хүлээгээд ажиглах" сонирхол зонхилж байгаа тул тус боомт дахь арилжааны хөрвөх чадвар мөн өөрчлөлтгүй түвшинд хадгалагдаж байна. Тухайлбал: “Mongolian Mining Corporation”-ийн охин компани “Energy Resources” сүүлд 19 мянга 200 тонн угаасан коксжих нүүрсийг тонн тутамд 1190 юанийн үнээр худалдах гэрээ хийжээ. Энэ нь зургаадугаар сарын дунд үеэс хойш сүүлээсээ хоёрдугаарт бичигдэх бага үнэ төдийгүй өмнөх арилжааны түвшнээс ердөө 10 юаниар илүү байгааг “SXCoal” тооцоолсон байна.
Нөхцөл байдлыг өргөн хүрээнд харвал зуны саруудад БНХАУ-ын гангийн зах зээлийн амралтын үе тохиодог учраас арилжаанд оролцогчид коксжих нүүрсний зах зээл ойрын хугацаанд сэргэнэ гэсэн хүлээлтгүй байгаа гэж болохоор байгааг онцолжээ.