logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Б.Лхагвасүрэн: 2025 онд инфляц 2 оронтой тоонд хүрэх төсөөлөлтэй байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 02 сарын 13 14:00
    2396

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа

    - Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой шийдвэрүүд, олон улсын зах зээл дээр гарч байгаа хөдөлгөөнүүдийг харахад сүүлийн үед нэлээд савлагаатай нөхцөл бий болж байна гэж “Bloomberg”-ийн шинжээчид дүгнэж байна. Монголбанкны хувьд гол эрсдэл хаана орж ирнэ гэж харж байна?

    - “Трамп тариф” гэдэг хэллэг гэх юм уу, үзэгдэл гэж хэлж болохоор зүйлийг өнөөдөр дэлхий даяараа л ярьж байна. Дональд Трамп өмнөх сонгуулийнхаа үеэр ч гэсэн бас тариф тогтоож байсан. Тэрбээр тариф тогтооно гэж амлаж байгаад л тогтоож байсан учраас энэ удаагийнх, тухайлбал: хоёр дахь удаагаа сонгогдоод гарч ирээд тариф ярихад бол ер нь хэрэгжих нь тодорхой байсан.

    Монгол Улсын хувьд инфляц, ханш, төлбөрийн тэнцэл дээр дарамт, сорилт болно байх гэсэн тооцоолол, төсөөлөл  байна. Ерөнхийдөө Дональд Трамп хоёр хөрш буюу Канад, Мексикийн бараа, бүтээгдэхүүнд 25 хувийн татвар, мөн БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд нэмж 10 хувийн татвар тогтоохоор болсон. БНХАУ-ын 350 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнд 25 хувийн татвар тогтоогоод байсан, одоо дахин 10 хувийн гаалийн татвар нэмж ногдуулна гэхээр нэлээд том том дарамтууд орж ирэхээр байна.  

    Монгол Улсын инфляцыг бүтцээр нь авч үзвэл гуравны нэг нь буюу 30 хувь нь импортын бараа, бүтээгдэхүүн дээр нөлөө байгаа. Инфляц 2024 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 9.0 хувьтай гарлаа. Үүнээс 2.7 хувь нь импортын бараа, бүтээгдэхүүн дээр байсан. Тэр утгаараа энэ дарамт нэмэгдэх байх гэж харж байна.

    Нөгөө талаар түрүүнд хэлсэнчлэн төлбөрийн тэнцэл дээр дарамт орж ирнэ гэдэг маань Монгол Улсын экспортын 90 гаруй хувь нь БНХАУ-д гарч байгаа гэдэг утгаараа тухайн улсын эдийн засгийн өсөлт ямар байхаас хамаарч байгаа юм.

    БНХАУ эдийн засгийн өсөлтөө таван хувьд хүргэх зорилт тавиад байна. Өнгөрсөн оны байдлаар хүлээгдэж буй гүйцэтгэлээр 4.5 хувь орчим хувьтай гарах болов уу гэсэн тооцоолол байгаа. Тэгэхээр Дональд Трамп тариф тогтоосны дараа ямар нөлөө орж ирэх вэ гэхээр 0.5 нэгж хувь буюу бараг дөрвөн хувь руу буурах нөлөөтэй гэж судлаач, эдийн засагчид таамаглаж байгаа нь Монгол Улсын экспортод ялангуяа үнэ болон хэмжээнд дарамт авчрах болов уу гэж  төсөөлөгдөж байна.

    - БНХАУ АНУ-аас худалдаж авах коксжих нүүрсний импортод тодорхой хязгаарлалтууд буюу зөрүүлээд тарифын арга хэмжээ аваад байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсаас авах нүүрсний хэмжээ нэмэгдэж магадгүй гэсэн төсөөллүүд гараад байна. Та үүнтэй санал нийлж байна уу?

    БНХАУ жилд гурван тэрбум гаруй тонноос ч илүү хэмжээний нүүрс хэрэглэдэг. Дотоодын олборлолтоос нь гадна олон улсаас нүүрс импортолж байна. Нүүрс нь коксжих буюу металлургийн нүүрс, мөн эрчим хүч үйлдвэрлэх зориулалттай гээд хоёр төрөл байдаг. Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлж буй нүүрсний дийлэнх нь коксжих нүүрс байгаа. Судалгаанаас харахад БНХАУ жилд 70 сая тонн орчим коксжих нүүрс хэрэглэдгээс 30 гаруй сая тонн буюу бараг 40 хувьтай тэнцэх хэмжээний нүүрсээ Монгол Улсаас авч байна.

    Харин АНУ-аас авч буй коксжих нүүрсний хэмжээ нь тийм ч их биш. БНХАУ коксжих нүүрсийг Монгол Улс, ОХУ, Австрали зэрэг улсаас импортолж байгаа. Хэдий тийм боловч мэдээж “Худалдааны дайн” гэдэг агуулгаараа сөрөг үр дагаврууд гарах нь ойлгомжтой.

    - Та өмнө нь импортын бараа, бүтээгдэхүүний нөлөөгөөр дамжин орж ирэх инфляцын эрсдэл нэмэгдэхээр байна гэж байсан. Covid-19 цар тахлын дараа буюу олон улсын зах зээлд тээвэр логистикийн үнэ өндөр байх үед импортын бараа, бүтээгдэхүүний инфляцад үзүүлэх нөлөө маш өндөр байсан. Харин одоогийн байдлаар энэ дээр ямар хэмжээний өсөлт ажиглагдана гэж харж байна. Сүүлийн байдлаар таны хэлсэнчлэн 35 орчим хувь нь импортын бараа, бүтээгдэхүүний шалтгаант инфляцын үзүүлэлт байна?

    - Мэдээж тариф ногдуулна гэхээр өртөг нэмэгдэнэ гэсэн үг. Тэр утгаараа бараа, бүтээгдэхүүний үнэ өснө. Дээр нь тарифтай холбоотойгоор нийлүүлэлтийн сүлжээнүүдэд өөрчлөлт гарч эхэлнэ. АНУ Канад  хоёр улсын хооронд байсан бараа солилцоо өөр гуравдагч хөрш рүүгээ ачигдах ч юм уу. Жишээлбэл: Канад улс АНУ-аас бараа авахаа болилоо. Мексикээс авъя ч гэдэг юм уу, эсвэл Европын Холбооны бусад улсаас авъя гэх хандлага нэмэгдэх нь ойлгомжтой. Яагаад гэвэл өмнө нь буюу 2018, 2019 онд тариф ногдуулж байхад БНХАУ АНУ-д нийлүүлдэг бараа, бүтээгдэхүүнээ илүү Европ руу чиглүүлээд нийлүүлж эхэлсэн. Энэ утгаараа тээвэр логистикийн асуудал дээр нийлүүлэлтийн сүлжээний доголдлууд үүсэх нь ойлгомжтой. Нийлүүлэлтийн сүлжээний доголдол нь эргээд үнийн хөөргөдөл үүсгэж, бараа, бүтээгдэхүүний үнэд тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Тэгэхээр ийм хэмжээний нөлөө гарах нь ойлгомжтой гэж харж байна.

    - Инфляц 2024 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд есөн хувьтай гарсан. Засгийн газар эрчим хүчний үнийг нэмэгдүүлсний дараа инфляц эрчимжсэн гэсэн төсөөллийг та бүхэн танилцуулж байсан. Дональд Трамп тариф тогтоохоос өмнө инфляцын эрч нэмэгдсэн байсан юм чинь төсөөлөл илүү ихээр нэмэгдэж байна уу? Ер нь та бүхний зорилтот түвшинд байх боломжтой юу?

    - Үндэсний статистикийн хороо инфляцын түвшнийг хэрэглээний сагсаар тооцон гаргадаг. Статистикийн хорооны гаргаснаар Монгол Улсын дундаж өрх 420 гаруй бараа үйлчилгээ авдаг. Хэрэглээний үнийн индексийн сагсанд багтдаг 420 бараа, үйлчилгээ гэдэг маань тус тусдаа эзлэх хувьтай. Есөн хувийн инфляцын 1.9 нэгж хувийг эрчим хүч, дулааны үнийн өсөлт эзэлж байна. Инфляц ийнхүү нэмэгдэхэд цахилгаан, мах болон импортын барааны үнэ хүлээлтээс давж өссөн нь голлон нөлөөлсөн. Эрэлтийн шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс эрчимжсэн, өрхийн цахилгааны төлбөр анх мэдэгдэж, тооцоонд авсан байснаас өндрөөр өссөн зэрэг эрэлт болон зардлын шалтгаантай хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдсэн. Энэхүү өсөлтийн хэмжээ өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхэлсэн учраас энэ оны 11 дүгээр сар хүртэл нөлөө нь үргэлжилнэ гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү томоохон нөлөөлөл байгаа учраас 2025 оны инфляцын төсөөлөлд оруулсан байна. Тэгээд дээр нь импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд эхэлбэл яах вэ, Монгол Улсын инфляцын 30 гаруй хувь нь цөөхөн хэдэн нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс ихээхэн хамааралтай байдаг. Ялангуяа мах, гурил, сүү зэрэг. Мах, сүү, гурилын хувьд дандаа улирлын шинжтэй. Өдийд махны үнэ өсөж байдаг үе ч гэдэг юм уу. Монголчуудын өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох сүү ч бас өндөр үнэтэй байна. Зун болохоор хямдардаг гээд энэ бүх нөлөө хэдийгээр байгаа ч дээр дурдсан дам нөлөө бас их орж ирдэг. Жишээлбэл: нэг барааны үнэ өсөхөөр ямар нэг өсөлтийн шалтгаангүй байхад худалдагч нөгөө барааныхаа үнийг зүгээр зэрэгцүүлээд л өсгөчихдөг. Инфляц цаашид өсөх юм бол дарамт байгаад л байна гэж л харагдаад байгаа юм. Тэр утгаараа Монголбанкны төсөөллөөр энэ онд инфляц хоёр оронтой тоо руу ч орох магадлалтай байгаа. Ялангуяа инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэж, энэ оны II, III улиралд 10 хувийг давж эрчимжихээр байна. Жишээлбэл: суурь дээр нь саяны хэлсэн нөлөөллүүд орж ирэхээр байгаа.

    Монголбанк өнгөрсөн оны 12 дугаар сард бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн ч банкнуудын заавал байлгах нөөцийг нэг нэгж хувиар өсгөсөн. Мөн нэгдүгээр сарын эхээр ээлжит бусаар хуралдаж, банкнуудын төгрөгийн болон гадаад валютын эх үүсвэрийн заавал байлгах нөөцийн хэмжээг тус бүр хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, харгалзан 13 хувь болон 18 хувьд хүргэхээр шийдвэрлэн мөнгөний бодлогоо хатууруулаад явж байна. Хэрэв инфляц хоёр оронтой тоо руу орох юм бол бодлогын хүү дээр зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай болно. Одоо бодлогын хүү 10 хувь байгаа нь хоёр оронтой тооны хамгийн доод цэг гэсэн үг.  

    Өмнө нь хэлж байсан даа, 2025 нэлээд сорилтын жил болно гэж байсан маань дээрх төсөөллүүдийг ерөнхийдөө тооцоо судалгаанд үндэслэн гаргасантай холбоотой. Одоо тэр нь биелэх, эдийн засагт бодитойгоор гарч ирэх боломж нь нэмэгдээд байгаа учраас бодлогын арга хэмжээ авч, зохицуулалт хийхээс өөр сонголтгүй болж байгаа юм.

    - Нүүрсний экспортын хувьд үнийн дүн нь буурах магадлалтай, мөн инфляц өснө гэж хэллээ. Төлбөрийн тэнцэл 2024 оны эцсийн гүйцэтгэлээр 622 сая ам.долларын ашигтай гарсан ч 2023 онтой харьцуулахад ашгийн хэмжээ хоёр дахин буураад байна. Цаашид төлбөрийн тэнцэл дээр гарах эрсдэлийн хувьд гадаад талаасаа ямар дарамтууд байна гэж харж байна вэ?

    Өнгөрсөн онд төлбөрийн тэнцэл хэдийгээр 620 сая ам.долларын ашигтай гарсан ч экспорт дөрвөн хувиар өссөн. Харин импорт 26 хувийн өсөлттэй буюу гадагш гарах урсгал нь өндөр байна. Урсгал тэнцэл их хэмжээний алдагдалтай байгаа. Урсгал тэнцлийн алдагдлын дийлэнхийг үйлчилгээний тэнцэл буюу Монгол Улсын гаднаас авч буй үйлчилгээний өр төлбөр, алдагдал гурван тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа. Энэ байдал өөрчлөгдөхгүй бол дарамт цаашид улам үргэлжилнэ л гэсэн үг.

    Экспорт энэ онд нэмэгдэхгүй бол ерөнхийдөө зогсонги байдалтай байна гэсэн үг. Өнгөрсөн онд 26 хувиар өссөн импортын өсөлт өндөр хэвээр хадгалагдвал тэр хэмжээгээр дарамт орж ирнэ гэсэн үг. Тэр утгаараа ерөнхийдөө төлбөрийн тэнцлийн дарамт өндөр байна.

    Түүнчлэн Монгол Улсын хувьд улирлын шинжтэй нөлөөлөл их байдаг. Шинэ он гарах гээд 12 дугаар сар, удахгүй Сар шинийн баяр болох гэж байгаа учраас нэгдүгээр сар, мөн хоёрдугаар сард ч бизнес бараг идэвхэждэггүй ерөнхийдөө сул байдаг үе. Хэдийгээр нөгөө талдаа Монгол Улсын хувьд бизнес идэвхжихгүй байгаа ч бидний хэрэглээ хэвээрээ байгаа учраас импорт хэвээрээ л байна гэсэн үг.

    Нэгдүгээр сард л гэхэд гадагшлах урсгал нэмэгдэж, төлбөр тооцооны зүгээс харахад шууд хасах 500 сая гэж харагдаж байна. Эндээс харахад оны эхнээс л дарамт нэлээд өндөр байгааг харуулж байна. Тиймээс авах хариу арга хэмжээ нь экспортоо нэмэгдүүлэх.

    2025 оны улсын төсөвт нүүрсний экспортыг 100 сая тонн хүргэнэ гэсэн төсөөлөл байна. Нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх онтой харьцуулахад 20 орчим хувиар нэмэгдсэн ч хилийн үнэ 14 орчим хувиар буурснаар экспортын орлогын өсөлт саарсан. Өнгөрсөн онд 83 сая тонн нүүрс экспортолсон нь өндөр дүн хэдий ч үнэ нь буурсан учраас нийт дүнгээрээ өмнөх оноосоо буурсан.

    Тэгэхээр энэ бас дарамт л даа. Дональд Трампын тарифтай холбоод үзэх юм бол БНХАУ-ын эдийн засгийн эрэлт буурах юм бол эргээд бас нүүрсний үнэд дарамт болно. Хэдийгээр манай тал экспортолж буй нүүрсний хэмжээгээ бууруулахгүй байсан ч орлого нь тэгтлээ их өсөж орж ирэхгүй гэсэн л тооцоолол харагдаж байна.

    - Монголбанкны зүгээс бодлогын хувьд ямар шийдэл байгаасай гэж зөвлөж байна вэ. Ерөнхийдөө бодлогын хүүгийн хувьд чангаруулах төлөвтэй байна гэж та сая хэллээ. Засгийн газраас ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?

    - Төмөр замын хил холболтын асуудал бол хамгийн чухал зүйл. Өнгөрсөн оны эцсийн байдлаар нүүрсний экспортын биет хэмжээ 83 сая тонн буюу дээд хэмжээнд хүрсэн ч автомашинаар л тээвэрлэж байгаа. Тэгэхээр нүүрс тээвэрлэдэг компаниудын 60 гаруй хувь нь гаднын компани байдаг учраас үйлчилгээний алдагдал гаднын компаниудад төлж байгаа тээврийн зардлаар гарч ирээд байна. Тэгэхээр үүнд голлон анхаарах хэрэгтэй. Нүүрсээ их хэмжээгээр экспортлохоор төлөвлөж байгаа тохиолдолд боомтын хүчин чадал, чөлөөтэй орж, гарах нөхцөлийг сайжруулах шаардлагатай. Нүүрсээ хэчнээн зөөгөөд ч боомт дээрээ гацдаг байвал 4-5 жилийн өмнөх үе буюу Covid-19 цар тахлын үе шиг боомт дээр гацалт үүснэ. Тэр жишээгээ л давтана гэсэн үг. Тэр утгаараа боомтынхоо хүчин чадлыг илүү сайжруулах зайлшгүй шаардлага байна гэж харж байгаа.

    Үүнээс гадна аялал жуулчлалын салбар нэг тэрбум төгрөгийн хасах баланстай явж байгаа. Хэдийгээр Монгол орныг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх хүрээнд “Монголд зочлох жил” зэрэг арга хэмжээ хэрэгжүүлээд явж буй ч монголчуудын гадаад улс орнууд руу аялах урсгал нэмэгдсэн.

    Түүнчлэн сүүлийн хоёр жилд тэтгэвэр, цалин хөлс нэмэгдсэнээр өрхийн орлого нэлээд өссөн. Үүнтэй холбоотойгоор хэрэглэгчдийн зарцуулалт ч бас их өндөр болсон. Тэгэхээр экспортоо яаж нэмэгдүүлэх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн биш эдийн засгаа солонгоруулах байдлаар импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг илүү ахисан түвшинд боловсруулалт хийж, гадагш гарган илүү өндөр үнээр борлуулах талд зайлшгүй анхаарах шаардлагатай байгаа юм.

    Cэтгэгдэл бичих