
Зургийг: Bloomberg
Япон улсын Засгийн газар цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн тэлэлтийг дэмжих шийдэмгий бодлогоо танилцууллаа. Ингэснээр 2011 оны Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослоос хойш 10-аад жил баримталсан цөмийн эрчим хүчийг хязгаарлах бодлогоо албан ёсоор дуусгавар болгож байна.
Цөмийн сэргэн мандалт
Эдийн засгийн өсөлтийг хадгалж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахын тулд цөмийн болон сэргээгдэх эрчим хүчийг бүрэн хэмжээнд ашиглахыг дэмжих эрчим хүчний шинэ стратегийг Японы Сангийн яам мягмар гарагт танилцуулжээ. Тус бодлогын баримт бичгийг 16 экспертээс бүрдсэн ажлын хэсэг боловсруулсан бөгөөд ерөнхийдөө Засгийн газраар батлагдах хүлээлттэй байгаа аж.
Төсөлд шинээр цөмийн реакторууд нэмж барьж, 2040 оны төсвийн жилд Японы эрчим хүчний эх үүсвэрийн 20 орчим хувийг цөмийн эрчим хүчнээс бүрдүүлэх шаардлагатайг тусгажээ. Харин 40-50 хувийг нь сэргээгдэх эрчим хүчнээс бүрдүүлэх зорилт тавьсан байна.
Өнгөрсөн онд Япон улсын нийт үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний 69 хувийг нүүрс болон байгалийн хийн станцууд нийлүүлжээ. Харин сэргээгдэх эрчим хүчнээс 23 хувийг, атомын цахилгаан станцуудаас 8.5 орчим хувийг үйлдвэрлэсэн байна.
Дата төвүүд, мөн хагас дамжуулагч зэрэг дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийг эх орондоо татахын тулд Япон улсад ялгаралгүй эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нэн чухал шаардлага байгаа юм. Засгийн газрууд, цахилгаан ихээр ашигладаг үйлдвэрлэлийн салбарууд эрчим хүчний найдвартай байдлаа хангаж, түлшний импортоос хамааралтай байдлаа бууруулахаар цөмийн эрчим хүчний “сэргэн мандалт”-ыг эхлүүлж буйн сүүлийн жишээ нь энэ болж байна.
Айдсаа ардаа орхисон
2011 онд Фүкүшима Даичи станцад гарсан ослоос өмнө Япон улс эрчим хүчнийхээ 30-аас дээш хувийг атомын цахилгаан станцуудаас хангадаг байжээ. Харин ослын дараа Японы Засгийн газар цөмийн эрчим хүчнээс хамааралтай байдлаа бууруулах бодлого хэрэгжүүлж, улмаар улсын хэмжээнд нийт 54 цөмийн реактор унтраасан юм. Одоогоор Японд ашиглах боломжтой 33 реактор байгаагаас дөнгөж 14 нь эргэн ажиллаж, эрчим хүч нийлүүлж буй аж.
Стратеги боловсруулсан ажлын хэсгийн зөвлөснөөр Япон улс ашиглалтаас гарсан хуучин станцуудыг шинэ, дэвшилтэт реакторуудаар орлуулах нь зүйтэй гэж үзжээ. Хэдий тийм боловч Фүкүшмагийн ослын дараа гаргасан хатуу зохицуулалтууд, олон нийтээс зөвшөөрөл авах шаардлагууд хүчинтэй хэвээр тул атомын цахилгаан станцуудын гарцыг нэмэгдүүлэхэд нь сорилт болж магадгүй аж.
Ерөнхийд нь харвал сүүлийн жилүүдэд буурч байсан Японы цахилгаан эрчим хүчний жилийн нийт эрэлт өргөн хүрээний цахилгаанжуулах үйл явц, хиймэл оюуны технологийн эрэлтийн нөлөөгөөр эргэн өсөх төлөвтэй. 2040 он гэхэд тус улсын эрчим хүчний нийт үйлдвэрлэл жилийн 1200 тераватт/цаг болж, 2023 оныхоос 20 хувиар өсөх тооцоолол гаргажээ.