
Зургийг: Waldo Swiegers/Bloomberg
Монгол Улсын экспортын нүүрсний гол хэрэглэгч БНХАУ өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн шинэ бодлогоо зарлалаа. Тэдгээрт нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хөдөлшгүй тоо, цэвэр эрчим хүчний хэрэглээний амбицтай зорилт, эрчим хүчний шугам сүлжээг хүчитгэх төлөвлөгөө зэрэг багтжээ.
Хэдэн сарын турш бэлтгэгдсэн энэхүү бодлогын шилжилт нь БНХАУ сэргээгдэх эрчим хүчний суурилуулалтын өндөр хурдаа хадгалж, ялгарал дээд цэгтээ хүрээд буурч эхлэх хугацааг наашлуулах бололцоог бүрдүүлэх хүсэлтэйг харуулж байна.
Эдийн засагт нь хохирол учруулсан цахилгаан эрчим хүчний удаа дараагийн тасалдал, дэлхийг хамарсан эрчим хүчний хямралын дараа Бээжингийн бодлого шатах түлш рүү нэлээн хэвийж, улмаар сүүлийн хэдэн жилийн турш нүүрс өндрөө аваад байв. Хэдийгээр тус улс 2026 оноос эхлэн нүүрсний ашиглалтыг аажмаар бууруулах зорилтоо илэрхийлээд байсан ч олборлолт, импорт нь түүхэн дээд цэгтээ хүрч, зохицуулагчид нүүрсний цахилгаан станцын төслүүдэд олноор нь зөвшөөрөл олгосон юм.
Харин эрчим хүчний аюулгүй байдлын болгоомжлол нь бараг арилсан энэ үед тус улсын бодлого уур амьсгалын асуудал руу эргэн хэвийж байна. БНХАУ-ын аж үйлдвэрийн “хөдөлгүүр”-т амин чухал үүрэгтэй цэнэг хураагуур, цахилгаан автомашин, нарны хавтан үйлдвэрлэгчдэд тэдгээр бодлогын арга хэмжээнүүд ихээхэн нэмүү үр ашиг авчрах юм.
Наймдугаар сарын хоёрны өдөр БНХАУ хүлэмжийн хийн ялгарлын зорилтот хэмжээг тогтоох аргачлалдаа томоохон өөрчлөлт хийжээ. Энэхүү өөрчлөлт хэдэн жилийн турш үе шаттай хэрэгжих ч тус улс уур амьсгалын зорилтын өртөг дотоодын нийт бүтээгдэхүүнд нөлөөлөхгүй байхад дэм үзүүлэх аж.
Мөн тухайн өдөр Бээжингээс мужуудад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилтот хэмжээг баталсан байна. Хэдий тийм боловч БНХАУ нүүрсийг бүрэн орхихгүй. Зарим нүүрсний цахилгаан станцуудын бохирдуулалтыг багасгах замаар ашиглалтын хугацааг нь уртасгах төлөвлөгөө ч гаргаад байгаа юм. Тус улсын эдийн засгийн амбиц аль болох богино хугацаанд шилжилт хийхэд төвлөрч байгаа нь уур амьсгалын асуудалд сайн мэдээ болж байна.