
Marlena Sloss/Bloomberg
Google компани Израил улстай байгуулсан гэрээг нь эсэргүүцсэн жагсаалд оролцсон 28 ажилтнаа ажлаас нь чөлөөлсөн байна. Project Nimbus нэртэй, 1.2 тэрбум ам.долларын дүн бүхий тус гэрээгээр Google болон Amazon компаниуд түншилж Израилын Засгийн газарт хиймэл оюун, үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэх юм.
No Tech for Apartheid байгууллагын зохион байгуулсан тус жагсаал мягмар гарагт Нью-Йорк, Сиэтл, Калифорнийн Саннивэйл хотууд дахь Google-ийн оффисуудад болжээ. Нью-Йорк, Калифорнид жагсагчид бараг 10 цаг үргэлжилсэн суулт хийсэн бөгөөд хамгаалалттай бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн үндэслэлээр 9 жагсагч баривчлагдсан байна. Харин жагсаалд оролцсон Google-ийн ажилтнууд ажлаас нь чөлөөлсөн тухай мэдэгдэх хуудсыг компаниасаа хүлээн авснаа мэдээлжээ.
"Бусад ажилтнуудын ажлыг тасалдуулж, компанийн байгууламжууд руу нэвтрэхэд зориуд саад учруулсан нь манай журмыг илт зөрчсөн, хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл юм. Шалгалтын үр дүнд компанийн 28 ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бөгөөд цаашид шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авах болно" хэмээн Google-ийн зүгээс уг үйл явдлын талаарх мэдэгдэлдээ дурджээ.