
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13.3 хувийг бүрдүүлдэг хөдөө аж ахуйн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 90 хувийг мал аж ахуйн салбар дангаараа хангаж байна. Мөн нийт ажиллах хүчний 30 орчим хувь нь мал аж ахуйгаас шууд хамааралтай байгаа юм.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадавхын судалгаанд дурдсанаар Монгол Улсын малчин өрхүүдийн гамшгийн эрсдэл даах чадавхын дундаж түвшин 40.45 байна. Өөрөөр хэлбэл судалгаанд хамрагдсан нийт өрхийн 57 хувь нь эрсдэл даах чадавхаар дунджаас доогуур түвшинд үнэлэгджээ.
Эрсдэл даах чадавх тааруу өрхүүд хөрөнгө, боловсролын түвшин, суурь үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал зэргээс шалтгаалан өвлийн бэлтгэлээ хангалттай түвшинд хийх боломжгүй байдалд ордог байна.
ХҮН БҮРД ХАМААТАЙ СОРИЛТ
2009-2010 оны зуднаар улсын хэмжээнд 10.3 сая орчим мал хорогдсон нь 769 мянган хүн буюу нийт хүн амын 28 хувийн амьжиргаанд нөлөөлсөн байдаг. Ийнхүү зудад нэрвэгдэж амьжиргаагаа алдсан, амьжиргаагаа хамгаалахын тулд өндөр хүүтэй зээлийн дарамтад орсон малчин өрхүүд хөдөөгөөс хот руу шилжих хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Шилжиж ирсэн иргэд ихэвчлэн хотын захын, дэд бүтэцгүй суурьшлын бус газарт суурьшиж, ядуурлын мөчлөгөөс гарч чадахгүй байдалд ордог нь нийгмийн бас нэг сорилт болдгийг тодотгожээ.
Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан судалгаанд дурдсанаар сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд ойролцоогоор 640 мянган хүн Улаанбаатар хот руу шилжсэн ирснээс 470 мянга нь сумын төвүүдэд болон алслагдмал нутагт мал маллан амьдарч байсан иргэд байсан аж.
НҮБ-ЫН ЗӨВЛӨМЖ
Малын тоо толгойн хэт өсөлт, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө хавсарч нутаг бэлчээр доройтоход хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрэлт сул, үнэгүйдэх болсноор малчид олон малтай байж амьжиргаагаа даатгах сонголтыг хийхэд хүрсэн нь бэлчээрийн даац хэтрэлтийг улам гааруулжээ. Судалгаанд хамрагдсан нийт өрхүүдийн 22 хувь нь л малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан бол 80 хувь нь орон нутгийн малчдын ямар ч хоршоонд гишүүнчлэлгүй байгаа аж.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас өгсөн бодлогын зөвлөмжүүдээс харвал малчин өрхийн амьжиргаанд гамшгийн эрсдэлийг бууруулах зорилготой зээлийн уян хатан тогтолцоо бий болгох, олон нийтийн эрсдэлийн дундын сан бий болгох эрх зүйн орчин шаардлагатай аж.
Мөн мал аж ахуйн үйлдвэрлэлийг технологийн дэвшлээр эрчимжүүлэх, авч ашиглах боломжтой бүх төрлийн бүтээгдэхүүний эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, арьс шир, нядалгааны бусад дайвар бүтээгдэхүүнийг орон нутагтаа боловсруулах, ажлын байрууд бий болгох замаар орлогын төрөлжилтийг нэмэгдүүлэх зэрэг санааг дэвшүүлжээ.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com