Зургийг: mongolia.gov.mn
Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг илүү хурдтай шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах санамж бичигт Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын дарга нар гарын үсэг зурлаа. Ийнхүү хамтарсан Засгийн газар байгуулж, эрчим хүчнээс либералчлалаас эхлээд улс орны хөгжлийн шийдэл болсон томоохон төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэхээ намын дарга нар мэдэгдлээ.
УИХ-д суудалтай гурван улс төрийн хүчин эдийн засагт чухал нөлөөтэй реформууд хэрэгжүүлэхэд ийнхүү санал нэгдэж байгаагаараа анхаарал татаж байна.
Эрчим хүчний хэрэглээ, оргил ачаалал нэмэгдэх хэрээр сүүлийн жилүүдэд тогтмол алдагдалтай ажиллаж байгаа Монголын эрчим хүчний салбар өнгөрсөн онд бараг 40 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн юм.
Хүчин чадлын дутагдал, тоног төхөөрөмжийн насжилтаас гадна өртгөөсөө хавьгүй доогуур үнэтэй цахилгаан хэрэглэж буй нь салбарын ужгирсан асуудлуудын суурь болохыг мэргэжилтнүүд хэлдэг.
Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхгүйгээр метро зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломжгүй. Иймд Эгийн голын болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, говийн бүсэд баригдах нар, салхины станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт татахад нэн түрүүнд анхаарна гэдгээ намын дарга нар онцолж байна.
Дэлхийн Эдийн Засгийн Форумын эрчим хүчний шилжилтийн индексээр Монгол Улс 120 улсаас сүүлээсээ тавдугаарт эрэмбэлэгдсэн юм.