
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ-д эрэлт тааруу байгаа ч Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх нүүрсний хэмжээ хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Үүгээр ч зогсохгүй зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.
Ялангуяа ОХУ-аас нийлүүлдэг нүүрс хэтэрхий өндөр үнэтэй байгаатай холбоотойгоор тус улсаас нүүрс худалдан авах БНХАУ-ын сонирхол буурч байна.
Австрали, Монгол Улсын нийлүүлэлт өндөр байсантай холбоотойгоор БНХАУ-ын нүүрсний импорт өнгөрсөн онд шинэ дээд түвшинд хүрсэн юм. Тухайлбал: Австралийн нийлүүлэлт 60 орчим хувиар нэмэгдсэн бол Монголынх 16 хувиар нэмэгджээ. Хэдий тийм боловч БНХАУ-д нүүрсний эрэлт энэ онд тогтворжих төлөвтэй байгаа юм. Ингэснээр нүүрсний үнэ унаж, экспортлогч улсуудын ашиг харьцангуй буурах төлөв ажиглагдаж байна.
Эрчим хүчний нүүрс голчлон нийлүүлдэг Индонез улс өнгөрсөн онд БНХАУ-д хийсэн экспортын биет хэмжээгээрээ дахин тэргүүлсэн бол Монгол Улс БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлд ашиглагдах коксжих нүүрсний импортын 60 хувийг дангаараа хангажээ.
Монгол Улс нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр төмөр замын хил холболтоо сайжруулахаар ажиллаж байгаа юм.