logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Виктор Вембаньяма зөвхөн цалингаараа тэрбумтан болсон NBA-ийн анхны тоглогч болж магадгүй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 01 сарын 05 11:35
    1011

    Зургийг: Aurelien Meunier/Getty Images

    Одоогийн NBA-ийн цалингийн дээд хэмжээний дагуу тооцоолбол Виктор Вембаньяма 33 настайдаа нэг тэрбум ам.долларын орлого олсон байхаар байна

    Зөвхөн цалингаараа тэрбумтан болох анхны NBA-ийн тоглогч Виктор Вембаньяма байх боломжтойг “Bloomberg” тооцоолсон байна. Өдгөө 20 настай, 2.24 метр өндөр тэрбээр өнгөрсөн оны нэгдүгээр сарын дөрвөнд NBA-ийн драфтын эхний сонголтоор “San Antonio Spurs” багт орж, дөрвөн жилийн хугацаатай, 55.2 сая ам.долларын гэрээг үзэглэсэн юм.

    Үүнээс өмнө сагсан бөмбөгийн хэд хэдэн нэртэй  тамирчин брэнд сурталчлах гэрээ зэрэг бусад бизнес, хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хөрөнгөжиж чадсан бол Виктор Вембаньямагийн хувьд зөвхөн талбайд өнгөрүүлэх цагаараа тэрбумтнуудын эгнээнд нэгдэх төлөвтэй байна.

    Одоогийн NBA-ийн цалингийн дээд хэмжээний дагуу тооцоолбол Виктор Вембаньяма 33 настайдаа нэг тэрбум ам.долларын орлого олсон байхаар байгаа аж. Түүний NBA-ийн карьерынхаа эхний жилд хийсэн гэрээний хугацаа дуусах үед тэрбээр гэрээгээ сунгаж таван жилд, 316 сая ам.доллар олох боломж бүрдэх юм байна. Цаашид тэрбээр сайн тоглолтоо тогтвортой хадгалж, гэмтэл бэртэлгүй байж чадвал "Supermax" буюу таван жилийн, 529 сая ам.долларын гэрээ байгуулах боломжтойг “Bloomberg” тооцоолжээ. Ингэснээр түүний NBA-аас авах нийт цалингийн хэмжээ 900 сая орчим ам.доллар хүрэхээр байгаа юм. 

    Харин хоёр дахь удаагаа “Supermax” гэрээ байгуулж чадвал Виктор Вембаньяма гэрээнд гарын үсгээ зурсан эхний жилдээ тэрбум ам.долларын орлогын хэмжээг давах боломжтой байна. Тухайн гэрээ нь таван жилийн хугацаанд 760 сая ам.долларын үнэлгээтэй байх боломж бий гэж “Bloomberg” үзжээ.

    wemb2.jpg

    Талбайгаас гадуурх бизнес, гэрээгүйгээр тэрбумтан болж чадсан цөөн хэдэн тамирчдын жишээнүүд ч байдаг. Тухайлбал: Англи, Испани, Итали болон Саудын Арабын клубүүдэд тоглосон хөлбөмбөгийн од Кристиано Роналдо тэрбум ам.доллароос ч илүү цалин авсныг “Forbes” тооцоолон гаргажээ.

    Үүнээс гадна өнгөрсөн сард “Los Angeles Dodgers” багтай 10 жилийн, 700 сая ам.долларын гэрээ байгуулсан Японы бейсболын тамирчин Шёхэй Отани карьерынхаа туршид нэг тэрбум ам.долларын цалин авах боломж өндөр байгаа аж.

    Харин NBA-ийн түүхэн дэх хамгийн өндөр цалинтай тоглогч, өдгөө 39 настай Леброн Жеймс 21 улирал тоглох хугацаандаа 479 сая ам.долларын орлого олжээ. “Forbes”-ийн тооцоолсноор түүний нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны зун тэрбум ам.долларын босго давсан байна.

    Cэтгэгдэл бичих